Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хуулийн талаарх зарим мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ хууль дээр ажиллаж байсан хүний хувьд энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн эрх нэлээд зөрчигддөг. Хүүхдийн асаргаа, хамгаалалттай холбоотой асуудал шийдэгдэнэ.
Гэр бүлийн шүүхтэй болно. Энэ нь Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүгч өөрийнхөө үзэмжид тохируулж бус нарийвчилсан заалтаар шийдвэрлэх боломжтой болно.
Хамтын амьдралдаа цэг тавьж байгаа бол хэрүүлийн маргааныг хянан шийдвэрлэхэд хөрөнгө мөнгө, хүүхдийн асаргаатай холбоотой шийдвэр гаргахдаа шүүгч хэнийх нь буруу вэ гэдгийг харгалзан үзнэ гэх зарчим л сууж байх ёстой.
Би өмгөөлөгчөөр ажиллаж байхад ээж нь болохгүй байсан ч хүүхдийг ээж дээр нь үлдээх шийдвэр гардаг. Гэтэл хүүхдийн ирээдүйн амьдралд эцэг нь илүү үүрэгтэй байж болно. Шүүгчээс шалтгаалах орон зайг хумихад чиглэж байгаа.
Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудал Гэр бүлийн тухай хуулиас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар маш сайн зохицуулагдах ёстой. Одоогоор хуулийн төсөл өргөн баригдсан. Харамсалтай нь одоо хүртэл хэлэлцэх эсэх нь шийдэгдэхгүй байна.
Хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол төрөөс авдаг үйлчилгээг нь хязгаарлах ёстой. Эцэг, эх болж хүүхдээ асран тэтгэхгүй байж төрийн үйлчилгээг аваад явж болохгүй. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маш их өргөдөл, салбарын сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга дээр ирдэг.
Хаяг дээрээ байхгүй, машин унаад яваад байдаг атлаа өөрийнх нь нэр дээр байдаггүй, өөр хүний нэр дээр банкны апп ашигладаг тохиолдол олон байдаг. Хүүхдийг тэжээн тэтгэх үүргээсээ зугтаад яваад байдаг хүмүүст тооцох хариуцлагыг дээд зэргээр чангатгах ёстой.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зүйлд эвлэрэн зуучлалын хоног хугацааг тооцохгүй байж болох зохицуулалт бий. Эвлэрлийн хугацаандаа буцаж нийлдэг, гэр бүл бүтэн үлддэг тохиолдол олон. Ганц эмгэнэлтэй жишээнээс болоод хасаж болохгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна