ЕРӨНХИЙЛӨГЧ ИТАЛИАС ЮУ ГАНЗАГАЛАВ: Ноос, ноолуур, газрын ховор элемент...

Zuv.mn
2 цаг 2 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөгшин Европын хүчирхэг гүрний нэг Италид гурав хоногийн турш айлчлаад ирлээ. Төрийн дээд түвшний айлчлалын зорилго нь харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжуудыг нээж, ажил хэрэг болгох явдал байдаг. Бид энэ удаад Ерөнхийлөгч Италиас ганзагалаж ирсэн боломжуудын талаар өгүүлэхээр бэлдлээ.

МОНГОЛ-ИТАЛИЙН ХАРИЛЦАА

Монгол Улс Итали Улстай 1970 оны зургадугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоожээ. Итали улс тэр жилийнхээ зургадугаар сарын 25-нд БНХАУ-тай, дөрөв хоногийн дараа Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон байдаг.   

1990-ээд оны эх, ардчилсан шинэ тутам Монгол Улс байгуулагдах үед Итали улс эхнээс нь дэмжиж хамт байсан. Монголчууд өлсөгөлөнд нэрвэгдэхэд хамгийн их ойртож очсон гэгддэг “Картын барааны үе”-ийг давахад сайхан сэтгэлийн тусламж үзүүлж байсныг 1973-2017 оны хооронд байгуулж байсан гэрээ, хэлэлцээрээс харж болно.  

МОНГОЛ-ИТАЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР

  • БНМАУ, Италийн Засгийн газар хооронд Соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр, 1973 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай хэлэлцээр, 1992 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай хэлэлцээр, 1993 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, 1993 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай хэлэлцээр, 1994 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, 1996 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2001-2003 онд хамтран ажиллах тухай протокол, 2000 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Эх нялхсын эрүүл мэндийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээр, 2007 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Дипломат паспорттай иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр, 2014 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, 2016 он;
  • Монгол, Италийн Засгийн газар хооронд Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2017-2021 онд хамтран ажиллах тухай протокол, 2017 он.

.Хоёр улсын харилцаа орчин үед ийнхүү 55 өргөжин хөгжиж байгаа болоч түүнээс ч эртний түүхтэй. Тухайн үеийн Сицили, одоогийн Италийн худалдаачин Марко Поло Хубилай хааны дэргэд өнө удаан сууж, санваартан Плано Карпини Гүег хаанд Иннокентий хамба ламын захидлыг гардуулсан тэр үеэс хоёр улсын харилцааг эхэлсэнд тооцож болно. Дээрх хоёр эрхмийн бичсэн номууд Их Монгол улсын талаарх үнэн бодит мэдээллийг дэлхий дахинаа таниулсан бөгөөд одоо ч түүхийн чухал эх сурвалж, судлагдахуун хэвээр байгаа юм.   

ТӨВ АЗИ, МОНГОЛЫГ ХАРАХ ИТАЛИЙН ШИНЭ “ӨНЦӨГ”

Хоёр улс нь сүүлийн жилүүдэд Төв Ази-Италийн хамтын ажиллагааны шинэ  платформ  төлөвшүүлж, олон талт хамтын ажиллагааны сүлжээ байгуулах төлөвлөгөө хэрэгжүүлж буй. Гадаад хэргийн сайд нарын бага хурал бол энэ механизм чухал хэсэг, цаашдын олон механизм бүрэлдэх эхлэл юм.

Шинэ форматын хүрээнд талууд нийтлэг зорилтоо тодорхойлох, шийдвэрлэх, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх  стратегиа хамтран боловсруулж эхэлсэн. Гол нь, Европын холбооны Төв Ази дахь ашиг сонирхлыг Итали  төлөөлж эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, усны аж ахуй, боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарт орж ирэхээр болж байна. Энэ хэрээр  Итали /Европын холбоо/  нь Төв Азид байр сууриа бэхжүүлнэ.

Италичууд Төв Азийг /Монголыг/ эдийн засгийн хамтын ажиллагааны томхон нөөц бүхий бүс нутаг  гэж харж байгаа нь их чухал. Энэ бүх нөхцөл, талуудын хүчин чармайлт нь ирээдүйн хамтын ажиллагааны бат бөх суурь болох юм.

СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ, ТҮҮНИЙГ ДАГАЛДАЖ ИРЭХ БОЛОМЖУУД

Айлчлалын үеэр Монгол-Итали улсууд дипломат харилцааны түвшнээ Найрсаг харилцаатай улсуудаас шууд хоёр шат ахиулан Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Ингэснээр хоёр улс харилцаагаа бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхээр шийдсэнээ харуулсан юм. Хоёр улсын харилцаа ямархуу түвшинд байгааг төрийн дээд түвшний айлчлалын давтамжаар сонждог жишиг бий. Италийн Ерөнхийлөгч Сэржо Матарэлла Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үедээ ирэх жил Монголд айлчлахаа нотолсон нь хоёр улсын харилцаа цаашид өргөжин хөгжихийн баталгаа болж байна. Хөгжүүлэх нөөц боломж ч хангалттай бий.   

Хөдөлмөрийн зах зээл нь ханачихсан Япон зэрэг улсын тухайд, төрийн айлчлал нь дотоодын ААН-үүдээ ажилтай болгох явдал бөгөөд төрийн айлчлал хийж буй удирдагчид нь энэ зорилгоо бүтээхийн тулд хөнгөлөлттэй зээл, ашгийн маржинд нь нөлөөлөхгүй хэмжээнд буцалтгүй тусламж амлахад ч бэлэн явцгаадаг бол түүхий эдийн асар их баялагтай Монгол Улсын хувьд харилцан ашигтай хамтын ажиллагаа санал болгодог онцлогтой.    

Айлчлалын хүрээнд явагдсан Монгол, Италийн бизнес эрхлэгчдийн форумын үеэр талууд энэ боломжуудаа ажил хэрэг болгох асуудлыг хэлэлцэж, ойрын ирээдүйд маш том үр дүн гаргахаар санал нэгдсэн юм.

АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮН

  • Бүгд Найрамдах Итали Улс нь манай улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дараа “Стратегийн түншлэл” тогтоосон хоёр дахь орон боллоо.
  • Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг, амлалтаа нотоллоо.
  • Дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, Парламентын бүлгүүдийн харилцааг дэмжинэ.
  • Монгол, Итали болон Европын Холбоо хооронд 2017 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд улам идэвхтэй хамтарна.
  • Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
  • Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлнэ.
  • Экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөөц, бололцоог ашиглана.
  • Хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгоно.
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжинэ.
  • Эрчим хүчний сүлжээ, тээвэр, логистик, ус болон хог хаягдлын менежментийн тогтолцоо, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд зэрэг салбарын хөгжлийг дэмжинэ.
  • Аюулгүй, сөрөн тэсвэрлэх чадвар бүхий мэдээллийн технологийн дэд бүтэц, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг дэмжих ухаалаг шийдэл болон үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.
  • Газар, ус, хог хаягдлын тогтвортой менежмент зэрэг байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааг дэмжинэ.
  • Ашигт малтмал болон түүхий эдийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
  • Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулна.
  • Онцгой байдал, иргэний хамгаалалт болон эрсдэлийн менежментийн хамтын ажиллагааг дэмжинэ.
  • Захиргаа, шүүх болон эрхзүйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Европын Холбооны хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд Итали Улс дэмжлэг үзүүлнэ.
  • Шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
  • “Милан-Кортина 2026” өвлийн олимп, паралимпын наадамд түшиглэн спорт болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.


БИЗНЕС ФОРУМЫН СОНИН ХАЧИН

Хоёр Ерөнхийлөгч энэ сарын 2-нд уулзалт хэлэлцээр хийж, хамтарсан тунхаглал гаргасан. Хоёр улсын анхны бизнесийн форум мөн Вилла Мадама хотод болж, есөн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

Форумын үер Италийн Гадаад харилцааны сайд Антонио Тажани "Итали нь аж үйлдвэржсэн улс тул түүхий эдийн хангамж чухал. Тиймээс бид ховор металлын худалдан авалтын чиглэлээр Монголтой хамтран ажиллана. Гэхдээ энэ бол онирхол татахуйц салбаруудын зөвхөн нэг нь юм" гэж онцолсон.

Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзах үедээ  сансар судлал (Thales Alenia Space компани хиймэл дагуул бүтээх чиглэлд хамтрах), аялал жуулчлал, соёл (хоёр улсын хооронд агаарын тээврийн харилцаа холбоог нэмэгдүүлэх асуудал), хөрөнгө оруулалт (хамтарсан үйлдвэр байгуулах боломж), хувцас загварын талаар хамтрах боломжуудыг авч үзсэн.

Антонио Тажани Монголын бизнес эрхлэгчдэд хандан "Танай улс ноос, ноолуур зэрэг онцгой чанартай түүхий эдтэй. Бид дэлхийн хамгийн шилдэг загварын салбартай. Энэ хоёр онцгой чанарыг хослуулбал онцгой бүтээгдэхүүн бий болно гэсэн үг" гэж онцолсон.

Б.Батцэцэг сайд мөн "Монгол улс хамгийн өндөр чанартай түүхий эдтэй бол Итали улс боловсруулах технологи, туршлагатай. Хамтын ажиллагаагаар бид түүхий эдийг дэлхийн шилдэг брэнд болгон хувиргаж чадна" гэж санал нэг байгаагаа илэрхийлсэн.

Итали бол манай улс эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэнийг нь өсгөхийг хичээж буй хонины ноосыг баялаг болгох тал дээр №1 улс. Түүхий эд буюу хонины ноосоо ихэвчлэн Австралиас авч, тансаг зэрэглэлийн даавуу нэхэн, брэнд хувцас болгон олон улсын зах зээлд нийлүүлдэг. 

Манай улс Еврхопын холбоонд бараагаа татваргүй нийлүүлэх эрхтэй. Тиймээс хамтарсан үйлдвэр байгуулах өргөн боломж бий.  Манай талаас, жинхэнэ тансаг зэрэглэлийн брэндэд хэрэглэгддэг нарийн ноост хонины үржил селекц тал дээр хийж хэрэгжүүлэх ажлууд бий. 

Хоёр улсын худалдаа 2024 онд 77 сая ам.доллар, 2025 оны эхний найман сарын байдлаар 55 сая байгаа нь чамлалттай гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч ирэх 10 жилд хөрөнгө оруулалтаа өсгөж, худалдаагаа үлэмж нэмэгдүүлэх амбийцтай байгаа, чухам тийм ч учраас энд бүгд цуглараад байна гэсэн агуулгыг Италийн албаныхан хэлж, зарим нь тодорхой тоо хэлж байв.  

Тухайлбал, “Simest” компанийн гүйцэтгэх захирал Регина Коррадини Д'Ариензо Монголд үйл ажиллагаа явуулж буй Италийн компаниудын тоог одоогийн 65-аас зуу болгон нэмэгдүүлнэ гэж байлаа.

Мөн газрын ховор элементийг ялгаж авах техник, технологийг Италиас авах талаар нухацтай яригдсан.

Форумд ложистик, эрчим хүч, дэд бүтэц, олборлох, үйлдвэрлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг ААН-үүд оролцож хамтран ажиллах боломжийн талаар олон тусдаа уулзалтуудыг хийсэн.

Итали нь техник технологи, стандартын хувьд бүхий л салбарт манайхаас давуу учир аль ч салбарт хамтын ажиллагаа хөгжүүлсэн Монголын талд ихэд ач холбогдолтой гэдгийг Монголын төлөөлөгчид хүлээн зөвшөөрч, албаны хүмүүс энэ чиглэлд санаачилга, оролдлого бүрт нээлттэй хандаж, дэмжихээ илэрхийлж байв.

Бизнесийн форумын төгсгөлд есөн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Тэдгээр баримт бичгүүдийг дор нэгтгэлээ.

МОНГОЛ-ИТАЛИЙН ХООРОНД БАЙГУУЛАГДСАН ХЭЛЭЛЦЭЭРҮҮД

  • Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Итали улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Дэд бүтэц, тээврийн дэд сайд Эдоардо Рикси нар гарын үсэг зурлаа. Манай тээвэрчид Европын орнууд руу бараа, бүтээгдэхүүнээ саадгүй тээвэрлэх, гуравдагч улсын зах зээлд нэвтрэх, хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Хоёр улсын гадаад худалдаа өргөжиж, ялангуяа манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох угаасан, самнасан ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Итали улсын Засгийн газар хоорондын 2025-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Антонио Таяани нар гарын үсэг зурав. Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбар хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлж, их, дээд сургуулийн багш, оюутан солилцоо, соёл, урлагийн чиглэлээр харилцан үзэсгэлэн, урлагийн тоглолт зэргийг 2025-2028 онд хамтран зохион байгуулна.
  • ICE болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (MNCCI) хооронд хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжих, SIMEST болон MNCCI хооронд Итали, Монголын компаниудын хамтарсан хөрөнгө оруулалт, төслүүдийг дэмжих гэрээ.
  • Cassa Depositi e Prestiti болон Монголын Ноос, Ноолуурын Холбооны хооронд ноолуурын салбарын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа;
  • Confartigianato Imprese болон Монголын Жижиг, Дунд Үйлдвэрүүдийн Холбооны хооронд байгуулсан гэрээ.


  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай  Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Итали улсын Аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Аялал жуулчлалын сайд Даниэла Сантанкэ нар гарын үсэг зурлаа. Аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, улс хооронд жуулчдын зорчих маршрутыг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлнэ.


  • Чухал эрдэс бодис болон түүхий эдийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Итали улсын Италид үйлдвэрлэв яам болон Хүрээлэн буй орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам хоорондын хамтарсан мэдэгдэлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Италид үйлдвэрлэв яамны cайд Адольфо Урсо, Хүрээлэн буй орчин, эрчим хүчний аюулгүй байдлын сайд Жильберто Пикетто Фратин нар гарын үсэг зурав. Чухал ашигт малтмалын харилцан ашигтай, тогтвортой, найдвартай худалдаа, ил тод хөрөнгө оруулалтыг дэмжиж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэм хэмжээний хүрээнд геологи, уул уурхай, боловсруулах болон дахин боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах эрмэлзлээ илэрхийллээ.
  • Иргэний хамгаалалтын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ОБЕГ болон Итали Улсын Иргэний хамгаалалтын газар хоорондын санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Иргэний хамгаалалтын газрын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Луижи Данжел нар гарын үсэг зурлаа. Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.
  • Монгол Улсын Стратеги судалгааны хүрээлэн болон Олон улсын байгууллагын Италийн нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ, Италийн олон улсын байгууллагатай санамж бичигт гарын үзэг зурав. Олон улсын эрх зүй, олон талт хамтын ажиллагааны сэдвээр судлаачид болон оюутнуудыг сургалтад хамруулах, стратегийн болон олон улсын аюулгүй байдлын сэдвээр судалгаа хийх, хурал, семинар, дугуй ширээний уулзалт хамтран зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
  • Өвөрхангай аймаг болон Итали Улсын Мажоне хот хоорондын эрмэлзлийн захидалд Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Мажоне хотын Захирагч Массимо Лажетти нар гарын үсэг зурав. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аялал жуулчлал болон соёлын салбар дахь солилцоог идэвхтэй хэрэгжүүлж, цаашид тогтмол харилцаа холбоотой ажиллана.
  • Архангай  аймаг болон Итали Улсын Анакапри хот хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Анакапри хотын захирагч Франческо Черрота нар гарын үсэг зурлаа. Архангай аймаг Италийн өмнөд хэсгийн гол аялал жуулчлалын цэгүүдийн нэг болох Анакапри хоттой найрсаг харилцаа тогтоож, талууд соёл, урлаг, мал аж ахуй, аялал жуулчлал болон боловсролын салбар дахь солилцоог идэвхтэй хэрэгжүүлнэ.
  • Архангай аймаг болон Итали улсын Ловере хот хоорондын эрмэлзлийн захидалд Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Ловэрэ хотын захирагч Клаудиа Такколини нар гарын үсэг зурав. Италийн үзэсгэлэнт хотуудын нэг болох Ловере хоттой Архангай аймаг хамтарсан соёлын арга хэмжээ зохион байгуулж, орон нутгийн бүтээгдэхүүнийг харилцан сурталчлан таниулж, бусад сонирхсон салбаруудаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
  • МҮОНРТВ болон Итали Улсын РАИ Радио, телевиз хамтран ажиллахаар болов. Радио, телевизийн хөтөлбөр, баримтат кино солилцох, мэргэжилтнүүдийг чадавхжуулах замаар Монгол Улс болон Итали Улс хоорондын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна