Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сошиал хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Монгол улсад шатахуун хомсдоод байгаа нь Дундговийн засаг дарга С.Мөнхчулуун Дундговийн замаар жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байгаатай холбоотой гэнээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат нар Дундговь аймгийн сумдаар тойрч иргэдтэй уулзалт хийж ийм юм ярьж яваа юм байна. Аймагт ирж уулзалт хийхдээ жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байгаа нь зөв, хамтарч ажиллая гээд явсан, цааш харангуутаа ингэж ярьж яваа юм байна.
Иргэд надруу хэлэхээр нь би итгэхгүй гайхаад байсан юм, гэтэл өөрсдөө видео хийгээд оруулсан байна. Ийм юманд итгэх эрүүл ухаантай хүн байх уу? Аймгийн ард иргэдийг юу ч мэдэхгүй, мэдээлэлгүй, харанхуй бүдүүлэг хүмүүс гэж доромжилж байгаа хэрэг үү?
1-рт: аймгийн шатахуун түгээх станцуудад 1 төрлийн шатахуун агуулах 20-тонноос дээш багтаамжтай сав байхгүй учир жин тонн хэтрүүлсэн буюу 50000 тонн шатахуун ачсан машин аль нэг ШТС-д шатахуун хүргээд, тал ачаатай цааш явах боломжгүй. Иймд бүгд жин тонндоо тааруулж ачиж ирдэг. Тиймээс жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байх нь шатахуун хомсдохтой ямар ч хамаагүй.
2-рт: Шатахууны хомсдол ганц Дундговь аймгийн хэмжээнд биш улсын хэмжээнд болж байгаа асуудал. Дөнгөж өчигдөрхөн Улаанбаатар хотод шатахууны хомсдол, дараалал үүссэн тухай мэдээллүүд сошиалд гарч эхлэсэн, мөн бусад аймгуудад шатахуун хомсдолтой хэвээр байгаа. Манай аймгийн улсын чанартай замаар зөвхөн Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумдын шатахуун болон Өмнөговь аймгийн зарим сумдруу шатахуун тээвэрлэгддэг.
Тиймээс шатахууны хомсдол нь жин тонн хэтрүүлсэн машин явуулахгүй байгаатай ямар ч хамаагүй гэдгийг эрүүл ухаантай хүн бүр ойлгож байгаа. Л.Мөнхбаясгалан гишүүн зориудаар улс төржив үү? эсхүл дэргэд нь хамт яваа нөхөд нь буруу ойлголт өгөв үү? Өөрөө иргэдийн адил шатахуунд очерлодог, шатахууны хомсдлыг мэдэрч байгаа хүн бол зөвхөн Дундговийн асуудал биш гэдгийг гадарламаар юм даа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна