“Эм Си Эс”-тай холбоотой, хандив авсан гишүүд “ХАРБИНЫ ГЭРЭЭ”-г шалгана гэв үү

Zuv.mn
15 цаг 59 минутын өмнө

“Нэг юм хэтэрхий олон тоотой байна” гэдгийг зүйрлэж хэлдэг зүйрлэлүүд бий. Дагестаны гудамжинд нэг чулуу шидэхэд чөлөөт бөхийн спортын мастер оногдоно, хоёр чулуу шидэхэд ОУХМ оногдоно”, “Монголд зам руу нэг чулуу шидэхэд “Приус” оногдоно” гэх мэт. Тэгвэл УИХ-ын талаар “Байнгын хороо, Ажлын хэсэг, Хянан шалгах түр хороо байгуулахад “Эм Си Эс”-ээс хандив авсан дор хаяж нэг гишүүн багтана” гэж хэлэхэд болохоор болжээ.

УИХ-ын ЭЗБХ хороо өчигдөр “Харбины гэрээ” буюу Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, ашиглалттай холбоотой “Гурвыг цогцоор” гэдэг хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан холбогдох гэрээнүүд, тухай үеийн үйл ажиллагаа, холбогдох баримт бичиг зэрэг нотлох баримтуудад шинжилгээ хийх түр хороо байгуулах эсэх асуудлыг хэлэлцэхэд “Эм Си Эс”-ээс хандив авсан гэх хэл аманд өртөж байсан олон гишүүн Хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжиж, зарим нь орж ажиллахаар болов.

Тодруулбал, Хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжих эсэх санал хураалтад оролцсон 17 гишүүний гурав нь / Л.Энх-Амгалан, Ц.Баатархүү, П.Батчимэг/ “Эм Си Эс” группээс хандив авсан гишүүн байсан. Санал хураахад Ц.Баатархүү, П.Батчимэг нар дэмжсэн санал өгсөн.

Хянан шалгах түр хороооны бүрэлдэхүүнд 11 гишүүн орж ажиллахаар болсны /Н.Наранбаатар, Д.Ганбат/ хоёр нь хандив авагсдын төлөөлөл байсан бөгөөд тэдэн дээр “Эм Си Эс” группын дэд ерөнхийлөгч байсан Д.Энхтүвшин нэмэгдэнэ.

Яагаад үүнийг онцлоод байна вэ гэвэл, хил дамнасан төмөр замын асуудалд “Эм Си Эс” группын эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг бөгөөд “Харбины гэрээ” нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрээс “Эм Си Эс” группыг шахан гаргаж, Засгийн газар хооронд байгуулагдсан гэдэг хамгийн гол агуулгатай гэдгийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ батлан хэлж байсан.

Өнгөрсөн аравдугаар сарын 10-нд болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дуулиант хурал дээр “Харбины гэрээ”-г хүчингүй болгох асуудал ярьж байгаа нь дээрх шийдвэрийг буцаах зорилготой” гэж мэдэгдэж байв.

Хянан шалгах түр хороонд одоогоор Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Х.Жангабыл, Н.Наранбаатар, Д.Энхтүвшин, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн нар, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат, Р.Батболд, Ж.Золжаргал, Л.Энхнасан нарыг ажиллахаар тусгаад байгаагийн дотор дээрх гурваас гадна хэл аманд өртөж байсан Ж.Баярмаа гишүүн мөн орж ажиллаж байгааг дурдвал зохино. Тэрбээр УИХ дээр 40 гаруй гишүүний дэмжлэг авсан хэр нь /Хянан шалгах түр хороо байгуулж, Нийтийн сонсгол явуулах саналыг 25 гишүүний саналаар гаргадаг/ дэмжигдэлгүй унахад гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн.

Энэ үедээ “Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө байгуулсан гэрээг өөрөө шалгах гэлээ” хэмээн “мушгиж”, Хянан шалгах түр хороо байгуулахыг улайран эсэргүүцэж байв. Уг нь бол “Л.Оюун-Эрдэнэ улайран эсэргүүцдэг асуудлаа өөрөө шалгах нь ашиг сонирхлын зөрчил” гэж хэлэх ёстой байсан ч зайлсхийж, “Өөрөө байгуулсан гэрээгээ…” гэж мушгиж байсан нь өөрөө “Харбины гэрээ”-г Хянан шалгах түр хороонд орж ажиллах зорилготой байсан мэт.   

Ямартай ч Монгол Улсын эдийн засгийг тэлэх хүрээнд хийгдэж буй хамгийн чухал хэлэлцээр, гэрээг ашиг сонирхлын зөрчилтэй “Эм Си Эс” групптэй нэр холбогдож байсан гишүүд ийнхүү шалгахаар болсон нь тохиолдлынх гэж үзэхэд хэцүү. Тохиолдлынх гэж үзвэл эхэнд бичсэнчлэн, “Эм Си Эс” групп, түүний хамаарал бүхий компаниуд хэтэрхий олон улстөрчид хандив өгснийх л байх.       

Ямартай ч Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүд дахиж харж үзэх нь зүйтэй биз ээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна