СОНСГОЛ: Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаар хэлэлцэнэ

С.Гандэлгэр
2 цаг 16 минутын өмнө

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.10) үргэлжилнэ.


Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр (2025.12.10) Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулга, Оюу толгой бүлэг ордын геологи, нөөцийн асуудлын талаар, “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, мөн тус ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудал, "Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлүүд ба Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын талаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан.


Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор эхлээд Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулгыг сонсож, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар, үдээс хойш хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Төгсгөлд нь Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх асуудлаар мөн шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авахаар төлөвлөжээ.


Өнөөдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 5 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд өнөөдрийн сонсголд 84 гэрч оролцох аж.

Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар 73 гэрч дуудагдсаны 60 нь оролцохоо илэрхийлсэн бол Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагавар сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдсан байна. Тэдгээрийн 25 нь өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгджээ. Харин Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдаж, 25 гэрч оролцохоо илэрхийлжээ. 

Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар "Иргэн та хүч залуусын нэгдэл", "Татварт иргэний хяналт" төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна