Удтал яригдсан дэд сайд нарын томилгоог өнөөдөр хийх үү

С.Гандэлгэр
4 цаг 57 минутын өмнө

Удтал маргаж, мэтгэсэн эрх баригч МАН-ын Засгийн газраа тогтвортой байлгах арга нь дэд сайд болж байгаа бололтой. Тодруулбал Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар дэд сайд нарыг томилно гэх мэдээлэл байна. 

Өмнөх Засгийн газар буюу 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Л.Оюун-Эрдэний Засгийн газар дэд сайдын албан тушаалыг халж, давхардсан албан тушаал бий болгохгүй хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч "Хамтарсан Засгийн газар" нэрээр ТӨХК-иудад 100 гаруй бүтээмж, хяналтын менежүүд томилон албан тушаал хүртэх хүсэлтэй олон хүнийг амыг таглаж байв. 

Харин одоо Г.Занданшатарын Засгийн газар Ардчилсан намтай хамтраагүй учраас бүтээмж, хяналтын менежерүүдийг чөлөөлж, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам тэргүүтэй 17 яамандаа дэд сайд томилох боломж бүрэн нээгдэж буй.  

Тэгвэл яг энэ цаг үед Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн Засгийн газрын ээлжит хуралдаанаас тус асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаа бололтой. 

Нэг талдаа МАН дотоод улс төржилтөө 18 дэд сайдын томилгоогоор тогтворжуулах, УИХ-ын сонгуулиар томоохон үүрэгтэй ажилласан улс төрчиддөө албан тушаал "бэлэглэх, Засгийн газрыг авч үлдэхэд үүрэг гүйцэтгэсэн хүмүүсээ "шагнах" зорилготой гэж дүгнэж болох юм. 

Түүнчлэн дараагийн УИХ-д нэр дэвших боломжтой кандитатуудыг дэд сайдаар томилж, олон нийтэд таниулах технологи гэхэд ч хилсдэхгүй биз. 

Мэдээж асуудал хоёр талтай. Үйл олон уулзалт, хурал цуглаантай байдаг сайд нарт ажлын ачааллаасаа хугаслах, цагаа хэмнэх боломж гэж харж ч болох юм. Ингэснээр тухайн салбартаа тулгамдсан асуудлуудыг шийдэхдээ илүү анхаарах магадлалтай. 

Гэсэн ч Г.Занданшатарын Засгийн газрын төсвийн хэмнэлт, цомхон төртэй байх гэх мэт концепц алдагдаж байгаа юм. Учир нь, дэд сайдаас гадна туслах, зөвлөх, жолооч нарыг цалинжуулах шаардлага үүсэх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна