Элчин сайдад дэвшигсдийн хэн нь хэн бэ: Баригдаагүй Тавантолгойн ДЦС-ын захирлаар таван жил ажилласан Г.Тэнгэр

Zuv.mn
4 цаг 5 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зарим улсад суух Элчин сайдыг эгүүлэн татаж, орных нь хүмүүсийг томилуулахаар зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. Монгол Улстай Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай ОХУ, Стратегийн түншлэлийн харилцаатай ХБНГУ, Монголчууд олноор ажиллаж амьдарч, ирж очдог Казахстан, Австрали зэрэг 21 улсын Элчин сайдын томилгоог УИХ удахгүй хэлэлцэнэ.

Бид дээрх томилгооноос сонирхолтой нэрсийг түүн уншигчдадаа хүргэж байна.

Монгол Улсаас Австралийн холбооны улсад суух элчин сайдаар Г.Тэнгэрийг санал болгожээ.

Г.Тэнгэр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсөж, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой. Дипломат албанд 11 жил ажиллажээ.

2018 онд Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар томилуулахаар нэр дэвшсэн ч тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга татгалзсаны улмаас үлдсэн гэдэг. Түүнээс хоёр жилийн дараа сая Оюутолгойн сонсголоор нэлээд яригдсан, баригдаагүй Тавантолгойн ДЦС-ын захирлаар томилогдсон юм. Тодруулбал, төр өөрөө хариуцаж барихаар болсон тэр үеэс эхлэн удирджээ. Энэ утгаараа тэрбээр УИХ-аас Оюутолгойн асуудлаар байгуулсан Хянан шалгах түр хорооны сонсголд дуудагдаж, чухал мэдээлэл өгч чадах нэгэн байв. Хачирхалтай нь, гэрчүүдийн нэрс дунд түүний нэр байгаагүй. Г.Тэнгэрийг дуудаж мэдээлэл авсан бол Оюутолгойг эрчим хүчээр хангаж, Монгол Улсад жил бүр 250-300 сая ам.долларыг авч үлдэх учиртай Тавантолгойн ДЦС баригддаггүйн шалтгааныг илүү бодитой зураглаж, энэ том асуудлыг хувь улстөрчдийн маргаан төдий болж өнгөрөхөөс сэргийлэх байв. Өөрөөр хэлбэл С.Баярцогт, Ц.Даваасүрэн хоёрын маргаанд бодитой хариулт өгч чадах хүн нь маргаангүй Тавантолгой ДЦС төсөл төрд шилжсэнээс хойш халаагүй удирдсан Г.Тэнгэр байсан юм.  

С.Баярцогт сонсголын үеэр Ц.Даваасүрэнг станцыг албаар зогсоосон гэж хардахад нь итгэх хэсэг бүлэг байсан. Г.Тэнгэрийг сонсголд дуудаагүй нь Хянан шалгах түр хороо хэлэлцэх асуудлыг зөвхөн "Онтрэ" ХХК-ийн тусгай зөвшөөрөл, Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн зээлийн гэрээгээр хязгаарласантай холбоотой ч гэрчүүдийн дунд оруулж болох л байв.   

Ямартай ч Г.Тэнгэр тус ДЦС-ын захирлаар таван жил ажиллаж, тендерийг нь маргаатай зохион байгуулж өгөөд ийнхүү Австрали дахь монголчуудын төлөө ажиллахаар УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.79
    1 цагийн өмнө

    Мэрэгжилийн боловсон хүчнийг Австрал улсад элчингээр явуулах нь зохистой Залуучууд гадаад улсаас их юм сурч улс орондоо ихийг бүтээх чадалтай.

    Хариулах