Г.Занданшатар уран нүүдэл хийх үү, ухсан нүхэндээ унах уу

Zuv.mn
18 цаг 31 минутын өмнө

Хоёрхон сарын өмнө огцрох шахсан Г.Занданшатарын Засгийн газар дахин ижил сорилттой нүүр тулах гэж байна. 

Засгийн газар, төрийн албыг цомхон болгоно гэдгээ зарласан тэрбээр 20 сайд дээрээ нэмээд 16 дэд сайдыг томилж, түүхэн дэх хамгийн данхар бүтцийг бий болгов.

 Уг томилгоотой холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, дэд сайд нарын томилгоог цуцлахгүй бол Засгийн газрыг огцруулах бичиг барихаа мэдэгдлээ.

АН-ын дарга Б.Цогтгэрэл “Улс төрийн систем авлигад бүрэн идэгдэж ялзарсны уршгаар эдийн засаг зогсонги байдалд орж, “агшиж” байна. Аж ахуй нэгжүүд татварын өртэй, дансаа хаалгаж, боловсрол, эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, иргэдийн амьжиргаа доройтож, эмзэг хэсэг нь хүнсний хомсдолд орох аюул нүүрлэлээ.

2025  оны төсвийн орлого тасарч, хөрөнгө оруулалтууд хугацаандаа хийгдэхгүй, ААН-үүд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй, ирэх оны төсөв өртэй эхлэх нөхцөл байдал бүрдэж байна. Татварын дарамтыг нэн даруй бууруулж, ААН-үүдээ тэтгэх, төрийн данхар бүтцээ цомхотгож, Засгийн газар хэмнэлтийн горимд ажиллах онцгой шаардлага үүссэн.

Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн өнөөгийн байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгөх чадамжгүй, эдийн засгийн өсөлтьийн суурь болох ААН-үүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх хүсэлгүй, 20 сайдтай өнөөгийн данхар бүтцийг засахын оронд 16 дэд сайд нэмэх харалган шийдвэрүүдийг гаргаж байна. 

Тиймээс Төрийн данхар бүтцийг цөөлөх төлөвлөгөө боловсруулж, намрын чуулганд багтаан таницуулахыг шаардаж байна. Үгүй бол Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах шаардлагыг АН-ын бүлгээс УИХ-д өргөн барина” гэв.

Төсөв хоёр их наядаар тасарч, хувийн аж ахуй нэгжүүд татварын дарамтаа дийлэхгүй сөхөрч, эдийн засаг элгээрээ хэвтчихээд байгаа энэ үед сөрөг хүчнээс Засгийн газрыг огцруулах бичиг өргөн баривал Г.Занданшатар тэсч үлдэхэд хүнд болох юм. Учир нь АН-ын 42 гишүүн дээр нэмээд боломж гарвал кноп дарах гомдогсод МАН-д олон бий. 

Хамаг л эрх ашигтнуудыг нэг дор цуглуулсан Г.Занданшатарын кабинет цалингаас өөр мөнгөгүй болтлоо унасан эдийн засгийн хүндрэлийг давж чадах эсэх, улстөрд өрнөх эсэргүүцлийг намжааж чадах эсэх нь туйлын хүнд сорилтуудтай нүүр тулахыг шаардах болно. Мөн түүний арыг бат дааж, дэмжсээр ирсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин Засгийн газрын асуудалд оролцож, найзыгаа хамгаалах уу гэдэг нь ч эргэлзээтэй.

Нэгэнт томилсон дэд сайд нарыг “төрхөмд нь буцаах” халуун бөгөөд хэцүү. Тэгэх ч үгүй биз. Харин Г.Занданшатар ууртай яваа АН-ынхантай ойлголцож чадвал хэсэгтээ амьсгал авах боломж бүрдэнэ. Чадахгүй бол унана. Тэр уран нүүдэл хийх үү, ухсан нүхэндээ унах уу гэдэг нь удахгүй тодорхой болно.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.