Дэд сайдаас гадна зарим яамны “нас” тоологдож эхлэв үү

Х.Батсайхан
16 цаг 9 минутын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатарт “Яамдад дэд сайд томилох” шийдвэрээ цуцлах” шаардлага өгөхөөр ороод Засгийн газрын тухай хуулийг хамт өөрчлөхөөр болоод гарч ирсэн билээ.

Тодруулбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын тухай хуульд яамдууд дэд сайдтай ажиллахаар заасныг өөрчлөх чиглэлд хамтарч ажиллахаар болсон.

Хуульд өөрчлөлт оруулах нь тийм ч их хугацаа орохоор ажил биш учир дэд сайдын орон тоо алга болж, сая томилогдсон нөхөд төрийн сайдаар ажиллаж байсан гэсэн намтартай л үлдэх нь тодорхой болсон. Тэгвэл дэд сайдын орон тооноос гадна зарим яамдын асуудлыг хөндөх үү гэсэн сэдэв анхаарал татаж эхэллээ.

Г.Занданшатар, О.Цогтгэрэл нарын өчигдрийн уулзалт, Ерөнхий сайдын саналын талаар мэдээнд "Яамдууд лдэд сайдтай ажиллах хуулийг өөрчлөх чиглэлд хамтарч ажиллах санал тавьсан" гэсэн. Гэвч нэгэнт гар хүрч байгаагийнх, өмнө нь шаардаж байсан, өчигдөр гардуулсан албан шаардлагадаа ч бичсэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цомхотгох байр сууриа оруулах нь тодорхой.    

Учир нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны дараа, Г.Занданшатар Ерөнхий с айд танхимынхаа бүтцийг зурж байх үед буюу өнгөрсөн зургадугаар сарын 16-нд Ардчилсан намын бүлэг “Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20 хувиар бууруулах, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх нөхцлийг хангаж,  ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох” тэргүүтэй шаардлагуудыг тавьж байсан юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тухай хуулийг хамтарч өөрчлөх Г.Занданшатарын санал Ардчилсан намд Засгийн газрын бүтцийг шинээр зуралцах боломжийг олгоод байна.

Хэрвээ Ардчилсан нам энэ боломжоо дэд сайдын орон тоог хасах төдийгөөр ашиглаж өнгөрөөвөл өнгөрсөн зургадугаар сарын 16-нд Төрийн ордонд хийсэн сүртэй хурал, "Яамдын тоог 50 хувиар цомхотгох" зэрэг шаардлагууд нь Хамтарсан Засгаас хөөгдсөндөө шаралхсан л болж хувирна. 

Г.Занданшатар хэдий бүтцээ батлуулах, хүнээ томилох бүрэн эрхтэй ч 42 гишүүнтэй сөрөг хүчний шаардлага тоглоом биш. Ардчилсан намын хувьд, шинээр нэмсэн 16 дэд сайдыг хасах нь Засгийн газрын бүтцийг цомхотгохгүй гэдгийг ойлгож байгаа. Хоёр талаас нөхцөлдсөн энэ байдал яамдын тоог цөөлөх асуудал ойрын өдрүүдэд гарцаагүй хөндөгдөхийг баталж байна.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.122
    14 цагийн өмнө

    Одоо АН засагт орох байх

    Хариулах