Ардчилсан нам Г.Занданшатарын "Арьсыг өвчиж" эхлэв үү

Zuv.mn
3 цаг 35 минутын өмнө

“Дэд сайдыг огцруулах”-аас гадна өчнөөн олон асуудал дэвшүүлж өрөөнд нь орсон Ардчилсан намын бүлгийг Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газрын тухай хуульд яамд Дэд сайдтай ажиллана гэж заасан. Бид хуулийн дагуу ажиллаж байгаа” гээд гаргасан билээ.

Дэд сайдын тухайд, Ерөнхий сайдын зөв ч бусад асуудлыг дүйвүүлээд өнгөрөөхийг Ардчилсан нам харин хүлцсэнгүй бололтой. Засгийн газрыг огцруулах бичгийг бэлдэж, гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн гэсэн мэдээлэл байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” шоунд оролцсон баг тамирчдыг хүлээж авч уулзаж, баясан бахдалын үгс олныг хэлсэн. Гэсэн ч дараа нь уг шоунд Монгол Улсыг оролцуулахад гол үүрэг гүйцэтгэсэн агентлагийн дансыг татварын байгууллага хаасан байдаг. ААН-үүдийн дансыг хааж байгаа нь Ардчилсан намын энэ Засгийн газрыг эсэргүүцэх нэг шалтгаан бөгөөд Ерөнхий сайдын ам, ажил зөрчилдөж байгааагийн нэг шинж гэдгийг гишүүд дэмжигчид нь сошиалаар сэвээд эхэлсэн. Цэвэр ОХУ-аас хамааралтай шатахууны хангамжийн асуудлыг ч Засаг огцруулах шалтгаан болгох бололтой.

Ямартай ч Г.Занданшатар фракцуудын эрх ашгийг хангах нэг том алхмыг зоригтой хийж, энэ нүүдэлдээ сөрөг хүчнээс томилсон бүтээмж, хяналтын менежерүүдийг ашигласан.

Бүтээмж, Хяналтын менежерүүд бол ТӨК-иудын үйл ажиллагаанд хяналт тавих, илүүдэл орон тоог цомхотгох, санхүүгийн хяналт шалгалт оруулах эрх мэдэлтэй. 2027, 2028 оны сонгуулиудад ялах нэг түлхүүр болж, 2028 оны сонгуулийн үр дүнд олон намын тогтолцоог батжуулж, сөрөг хүчнийг бэхжүүлэх нөхцлийг бүрдүүлэх ёстой байсан юм.   

Эндээс Ардчилсан намын хувьд ч, МАН-ын хувьд ч асуудал дэд сайддаа биш, бүтээмж, хяналтын менежерүүдийг үгүй болгосонд байгаа нь харагдаж байгаа биз ээ.  

Хамтарсан Засгийн үед Хяналт, Бүтээмжийн менежерүүдийг ТӨК-иудад суулгах тохироог хийсэн Лу.Гантөмөр Засаг унасны дараа “Хяналт, Бүтээмжийн менежерүүдийг байхгүй болговол Ерөнхий сайдын арьсыг өвчинө шүү” гэж сануулж байснаас ч харсан, менежерүүдийн ач холбогдол нэг удаагийн Засаг огцруулах асуудал биш, наанадаж л удахгүй эхлэх ТӨК-иудын хувьчлалд хэн, ямар үүрэгтэй оролцож хэр ихийг хүртэх вэ гэдэг асуудал, цаашлаад ирэх сонгуулиудын үр дүнд нөлөөлж улсын ирээдүйг зурагдах хэмжээний ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой байна. Нэгэнтээ ийм том асуудал тул Ерөнхий  сайдыг огцруулах бичиг АН-ын 42 биш юм гэхэд 30 гаруй гишүүн нэгдэх нь тодорхой. Үүн дээр МАН-ын хуваагдсан бүлэг нийлбэл Засаг он гараад лгцрхыг юу ч зогсоож чадахгүй юм.   

      



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна