Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөр, хөдөлгөөнүүдийг Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ)-той хамтран үр дүнтэй хэрэгжүүлж, Холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжигч 2025 оны “ШИЛДЭГ АХМАДЫН ХОРОО”-гоор хошууч генерал Ч.Амарболд даргатай Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны хамт олон шалгарлаа.

Тус ахмадын хороо 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлын зарим онцлогоос дурдвал:
• Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг угтаж МЦНХ-ноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд “ЦЭРГИЙН НӨХӨРЛӨЛ” сэдэвт яруу найргийн уралдааныг зохион байгуулахад тус ахмадын хороо дотооддоо 150 гаруй шүлгийг нэгтгэн дүгнэж, шалгарсан 23 шүлгийг ирүүлснээс ахмад ажилтан Дандарын Ганболд “Борви чангарах нөхдөө хайрлана” шүлгээрээ 2-р байранд, цагдаагийн дэд ахлагч О.Сүхбат “Нөхөрлөл” шүлгээрээ шагналт байранд тус тус шалгарав.
•
• Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад дайчид, тэргүүний алба хаагч нарт Монгол улсын ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлэх “Цэргийн андууд” дурсамж уулзалтыг 5 дахь жилдээ зохион байгуулахад тэргүүний шилдэг 90 гаруй алба хаагч, ахмад ажилтнуудаа хамруулж, 2024 оныхоо “бүтээлч-шилдэг” ажлуудаараа танилцуулга хийж, байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэнд идэвхтэй оролцсон.
• МЦНХ-ны санаачлагаар үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, орон нутгийн хамгаалалтыг манлайлагч цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төв, Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран 950 гаруй бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагчийг хамруулан зохион байгуулахад тус ахмадын хороо бэлтгэл үүрэгтнүүдээ идэвхтэй оролцуулж хамтран ажилласан.
• МЦНХ-оос санаачлан анх удаа Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабтай хамтран хугацаат цэргийн алба хаагчдын дунд бие бялдар, мэдлэг, ур чадварыг сорих “Шилдэг дайчин-2025” уралдаанд Дотоодын цэргийн дайчид идэвхтэй оролцож, шилдэг дайчнаар 805 дугаар ангийн байлдагч М.Тамир, шилдэг салааны захирагчаар мөн ангийн дэслэгч Ө.Шинэбаяр нар тус тус шалгарлаа.
• Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран хүүхэд залуучуудыг цахим донтолт, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх “Өсвөрийн сэргийлэгчид”-ийн бүлгэмийн “Зөв дадал – Эрүүл ирээдүй” сэдэвт сургалтад ерөнхий боловсролын 33, 1, 3, 4, 5, 23, 50 дугаар сургуулиуд, МУИС-ийн Ахлах сургуулийн 100 орчим сурагчдыг хамруулан хариуцаж ажиллав.

• Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран 5 дахь жилдээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч, тэтгэвэр чөлөөнд гарсан ахмад ажилтнуудад хүнсний ногоо тариалах аргачлал, технологийн сургалтыг зохион байгуулж, 11 төрлийн хүнсний ногооны үрийг үнэ төлбөргүй гардуулж дэмжлэг үзүүлэх ажиллагаанд тус ахмадын хороо жил дараалан идэвхтэй оролцож, хүлэмжийн тариалалтаар цагдаагийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Я.Наранбаасан 4 хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, хүнсний нарийн ногоо тариалж ахмадуудаа манлайлан ажиллажээ.
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд МЦНХ Хужирбуланд байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан “Эх орончдын мөнх ногоон төгөл”-д тус ахмадын хорооны гишүүд нарс, гацуур, шинэс, үхрийн нүд, голтбор, агч зэрэг 6 төрөл зүйлийн 100 гаруй мод тарилаа.
• Олон улсын ахмадын өдрийг угтаж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадуудын дунд спортын цогцолбор тэмцээнийг биллиард, шатар, дартс, нийтийн цэнгээнт бүжиг гэсэн 4 төрлөөр зохион байгуулахад тамирчдаа идэвхтэй оролцуулж, биллиардын тэмцээнд тус ахмадын хорооны гишүүн Д.Ганболд түрүүлж алтан медаль, мөн Б.Дорлиг биллиардын, Г.Бадарч, Ч.Даариймаа нар дартсын, Х.Батзориг шатрын тэмцээнд тус тус шагналт байранд шалгарсан амжилттай оролцлоо.
• Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МЦНХ-ны удирдах зөвлөл, ажлын албаны төлөөлөл БНХАУ-д айлчлах бүрэлдэхүүнд орж, Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ажиллагаанд тус ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд биечлэн оролцов.
• Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад ажилтнуудын тэтгэврийн зөрөөтэй байдал, тэдний тэтгэвэр өвлөгдөх асуудлаар судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн ажилд тус ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Д.Аавхүү нар онцгой идэвх санаачлага гарган ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна