Г.Занданшатар явж, Н.Учрал ирэх үү

Zuv.mn
3 цаг 40 минутын өмнө

Агуулгыг нь харж, үр дүнг нь таамаглаваас Монголын улс төрийг халааж, буцалгах хоёр хэвлэлийн хурал өнөөдөр ар, араасаа болж өнгөрлөө.

Эхлээд сөрөг хүчин Ардчилсан намын бүлэг хэвлэлийн хурал хийж, О.Цогтгэрэл дарга “Засгийн газар дэд сайдтай ажиллах хуулийг хамтарч өөрчлөх Г.Занданшатарын саналыг хүлээж авахгүй. МАН өөрсдийнхөө баталсан хуулийг өөрсдөө өөрчилнө биз. МАН энэ долоо хоногт дэд сайдын асуудлыг эргүүлэн татахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирнэ. 2026 оны төсөвд дэд сайдын мөнгө байхгүй. 2025 оныг дүгнэвэл ард түмний амьдралд улаан гэрэл ассан, албан тушаалтнуудын хувьд ногоон гэрэл нь ассан жил байлаа” гэв. Тэрбээр өөрийнх нь бланкан дээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлснийг зарласан.

Араас нь эрх баригч МАН-ын бүлэг мэдээлэл хийж, Ж.Батжаргал дарга “Дэд сайдын томилгоог буцаахгүй. Засгийн газрын тухай хуульд Дэд сайдтай байж болно гээгүй, Дэд сайдтай ажиллана гэж байгаа. Хуулийг хэрэгжүүлж ажиллах нь бидний үүрэг” гэсэн утгатай мэдэгдэл хийлээ.

Засгийн газрын огцрох магадлал маш өндөр болсныг энэ хоёр мэдэгдэл харууллаа. АН  бичгээ оруулаад ирэхэд бүлгийнх нь 42 дээр МАН-ын талцсан 30 гаруй гишүүд нэмэгдээд л боломжтой болно. Ж.Батжаргал даргын итгэлтэй байдал нэг талаар “МАН Засгийн газрынхаа асуудлаар дотроо амь нэг, 64 гишүүнээ бат хайрцагласан буюу Засгаа ямар ч тохиолдолд аваад үлдэх хэмжээний ойлголцолтой байгаа юм байна” гэсэн ойлголтыг төрүүлэх ч нөгөө талд “АН бичгээ өргөн баривал ч бариг, бариад огцруулбал ч огцруулаг, дараагийн хувилбар нь бэлэн байна” гэсэн байдал цухалзана.

Хэрвээ Засаг огцрохгүй бол АН-ын акц идэвхжиж, улс төр хална. Тэгснээс Н.Учрал эртхэн Ерөнхий сайд болж, Эдийн засгийн эрх чөлөөний тухай болон бусад хуулиа гардаж хэрэгжүүлээд явах нь дээр гэсэн уур амьсгал МАН дотор үүссэнийг үгүйсгэхээргүй харагдлаа. Бүр тодорхой хэлбэл, Г.Занданшатарын нэр хүнд муу байгаагаас болоод Н.Учралаар сэлгэх асуудал нь наашилж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын нэр хүндийг “амьтай” нь аваачиж өгөх асуудал чухал болсон байж мэднэ гэсэн үг.

Н.Учрал Ерөнхий сайд болсон тохиолдолд нам доторх үеийн ялгаанд суурилсан хагарлыг эерүүлж, холбогчийн үүргээ биелүүлэх боломж нь хамаагүй өсөх учир өөрөө ч гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх хүсэлтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Дэд сайдууд байхгүй болно, танхимд нэг их айхтар халаа сэлгээ байхгүй. Эв эеийг хангах томилгоо л /олон биш/ хийгдэнэ. 

Ямартай ч АН-ын хатуу байр суурь Засгийн газрын хувь заяаг дэнслүүлж байгаа бөгөөд МАН ч алсыг харсан шийдвэр гаргах цаг тулж ирснийг ойлгож байгаа болов уу.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.29
    2 цагийн өмнө

    хэрэггүй одоо эдийн засагч хүн л монголын эдийн засгийг тогтю\воржуулна зандка хамаагүй дээр шүү толгойтой

    Хариулах