МАН, АН "Дэд сайдын асуудал" ярих гэв үү, төрийн өмчийг хэрхэн нийлж хулгайлахаа тохирох гэв үү

Zuv.mn
4 цаг 12 минутын өмнө

“Дэд сайдыг цомхотгохгүй бол Засгийн газрыг огцруулна” гэж мэдэгдсэн Ардчилсан нам эрх баригчидтай хамтран Засгийн газрын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн албанд шинэчлэл хийх Ажлын хэсэг байгуулснаа өчигдөр зарлалаа. Гэвч үнэндээ итгэл төрсөнгүй. Бүтээмжийн менежер, Хяналтын менежерүүдийг томилж байх үе шиг итгэл найдварын сүүлийн очийг энэ хамтарсан мэдэгдэл бүрэн унтрааж орхив.

Ардчилсан намын төлөөлөл Ц.Баатархүү гишүүн “Төрийн албыг шинэчлэхгүй бол нэг Засаг нь гарч ирээд бүтээмжийн менежер тавьдаг, нэг Засаг нь гарч ирээд дэд сайд тавьдаг” гэсэн сонин юм ярив. Бүтээмжийн менежер, дэд сайд ижилхэн төсвийн үргүй зардал гаргаж байгаа хэлбэр гэдэг утгаар хэлэв.

Үнэндээ тийм биш л дээ. Ардчилсан нам хулгай нүүрлэсэн ТӨК-иудад Бүтээмжийн менежер, Хяналтын менежер томилсноор тэнд бугшсан хулгай луйврыг илчилж, орон тоог зохистой болгож цомхотгох үүрэг хүлээсэн. Энэ бол төрийн албыг цомхотгох, үрэлгэн зардлыг багасгах боломж мөн үү гэвэл мөн байсан.

Эрх баригч нам хяналт, бүтээмжийн менежерүүдийн орон тог цомхотгохыг оролдож, тэр нь “Үнэхээр хэрэгтэй орон тоо байжээ” гэсэн итгэлийг төрүүлдэг байлаа. Гэтэл, одоо бодоод байх нь ээ, бүтээмжийн хийгээд хяналтын менежерүүд ажлаа огт хийсэнгүй.

Менежерүүдийг цомхотгох асуудал анх яригдахад Баянголын ИТХ-д байсан Б.Тамир гэгч “Монголын төмөр зам” ТӨК-д хулгай нүүрлэсэн талаар ярьж, “Давхардсан чиг үүрэгтэй 1000 хүн ажиллаж байгаа нь дандаа дарга нарын сонгуульд зүтгэсэн цүнх баригчид байгаа. Санхүүгийн шалгалт оруулсан, дахиад ч шалгалт оруулна” хэмээн сүржин мэдэгдэж, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хажууд нь зогсчихсон “Яг ижилхэн урттай төмөр замтай хувийн компани 280 орон тоотой ажиллаж байхад яагаад төрийн өмчийн “Монголын төмөр зам” ХХК яахаараа 1000 хүнтэй ажилладаг юм бэ” хэмээж байв.

Тэгээд л таг болсон. Бүтээмж, Хяналтын менежерүүд дөрөвдүгээр сард томилогдсон, түүнээс хойш найман сар өнгөрөхөд хангалттай ажил хийчих байсан. “Монголын төмөр зам” ХХК 280-аа байг гэхэд 500 ажилтантай болох, бусад ТӨК дээр энэ мэтчилэн үр дүн гарч, АН тайлагнаад зогсож байж болох байв.

Гэтэл тийм юм болоогүй. ТӨК дээр үргүй зардал, хулгай байгаа гэж дээр дооргүй хүлээн зөвшөөрч байгаа үед энэ бол маш хачирхалтай явдал. Шуудхан хэлэхэд, ТӨК-иудад шургалсан хяналтын менежерүүд цуглуулсан мэдээллээ гаргалгүй хав дарж, эрх баригчидтай “нэг хөнжилд” орж, муухай хэлбэл, хулгайтай нь эвлэрсэн, хамт хулгайлсан ч байж мэднэ. 

Өчигдрийн хамтарсан Ажлын хэсэг ч үүний тод жишээ боллоо. “Хяналтын менежерүүдээ үргэлжүүүлэн ажиллуулна” ч гэсэнгүй. Үр дүнгүй буюу хулгайтай тэмцэх чадамжгүй нь энэдээс л харагдаж байна.

Эцсийн эцэст, дэд сайдын асуудал эрх баригчидтай “нэг хөнжилд” орж, хөшигний ард "бялуу хуваах" шалтаг л байж гэхээс Ардчилсан нам, Ардчилсан нам дахь "МАН-ын БЭТ" нарт  уур хүрч байна.        



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна