Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл, “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн
-Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,
-Арван зургаадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”,
-Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус, тус зөрчсөн гэж дүгнэж, дээрх хуулийн заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэн, Цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг гаргасан билээ.
Энэхүү дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэнэ. УИХ-ын албан ёсны цахим хуудас Parliament.mn-д тавигдсан тов дараалалд Хууль зүйн байнгын хорооны хуралдааны цагийг товлоогүй байна.
Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцэж байгаа бөгөөд энэ хурал дууссаны дараа Хууль зүйн байнгын хороо уг танхимдаа үргэлжлүүлэн,
· Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлт /Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Бусад асуудлыг хэлэлцэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна