МАН руу “нүүж” буй Үндэсний эвслийнхний сүүлийг Н.Номтойбаяр “мушгих” уу

Zuv.mn
3 цаг 12 минутын өмнө

УИХ-д АН-ын хамт сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж үлдсэн Үндэсний эвслээс гишүүд нь нэг, нэгээрээ эрх баригч МАН руу орж байгаа гэсэн мэдээлэл гарах боллоо. Тэрнээс ч өмнө нь “Н.Номтойбаяр МАН руу орох гэнэ” гэсэн яриа гараад намжсаныг бодвол энэ үнэн байх магадлалтай. Хэдэн сарын өмнө, МАН-ын “зодоон” ид өрнөж, тал, талд ил, далд яриа хэлцлүүд өрнөж байх үед МАН-ын хэсэг залуучууд “Н.Номтойбаярыг ирвэл хүлээж авахгүй” гэцгээсэн удаатай. Тэгэхээр, нэг талаас Н.Номтойбаяр МАН-д орж түвдэхгүй байгаа учир дагагсад нь тэсэхгүй буцаж гүйж байна гэж ойлгож болмоор. Түүнд мэдээж Парламентад суудалтай эвсэл бүрдүүлснийхээ хэргийг гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд үзчих хүсэл байгаа нь тодорхой. Гэсэн ч “Н.Номтойбаяр МАН руу орно”, “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэнэ” гээд бүр цаг хугацаатай яриа явсаар байгаа нь хачин.

Н.Номтойбаярыг анх Үндэсний эвсэл бүрдүүлэн улс төрд эргэж орж ирэхэд "У.Хүрэлсүхтэй үзэх гэж байгаа юм байна. Дориун үзэх байх“ гэх нэг нь байхад "Цагаан суваргаа авч үлдэх ганц зорилготойгоор орж ирж байна” гэсэн яриа гарч байсан нь бас үнэн. Алинаар нь ч бодсон Ерөнхийлөгчийн сонгууль алтан боломж гэдэгтэй хэн ч маргахгүй биз. У.Хүрэлсүхтэй үзэхээ болилоо гэхэд юмаа авч салах нь дамжиггүй. Нэр дэвшээд дараа нь нэрээ татаж МАН-ын нэр дэвшигчийг дэмжих, өөрөө дэвшилгүй, хүү хаяж өгөх гээд бүх боломжоо тэрбээр одоо гартаа бат атгаж буй.

Энэ бүхний түлхүүр нь одоо яригдаж эхлэх гэж байгаа Стартегийн орд гэдэг ойлголтыг үгүй болгох, баялгийн сангийн татварыг уул уурхайн бүх ААН-үүдээс авах зэрэг хувилбаруудаар шийдлээ олох гээд явж байж мэднэ. 

Улс төр яаж эргэхийг хэн мэдлээ. Ямартай ч Н.Номтойбаяр хүү 2024 оны сонгуулийн кампаниар овоо дориун сөрөг хүчин болмоор юм шиг аяглаад байснаа больсон нь үнэн юм.  

УИХ 126 гишүүнтэй болсноор Монгол Улс  түүхэндээ анх удаа Парламентдаа таван нам, эвсэл оруулж ирсэн. 1990 оны ардчилсан хувьсгалаар олон ургальч үзэл, намын тогтолцоог дэмжихээ зарласан улсын хувьд энэ бол үнэхээр маргаангүй, том амжилт байсан. Учир нь, 1992 оноос хойш найман парламент бүрдүүлэхэд дөрвөөс дээш /Бие даагчийг тооцохгүйгээр/ нам, эвсэл орж ирж байсан удаагүй.

Гэтэл тэр таван нам, эвслийн нэг болох Үндэсний эвсэл бодсоноос сул ажиллаж байгаа нь бас бодох л асуудал. 2024 оны сонгуулиар УИХ-д хэдий таван нам, эвсэл орж ирсэн ч бодит байдал дээр дөрөв биш хоёр л субъект сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ирсэн. Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн үед ИЗНН, Үндэсний эвсэл /8 гишүүнтэй/ сөрөг хүчин байсан бол , Г.Занданшатарын Хамтарсан Засгийн газрын үед АН, Үндэсний эвсэл /46/ сөрөг хүчин байна.

Гишүүдийн тоог нэмэн барин хэдэн нам оруулж ирсэн байтал сөрөг хүчний үүрэг олигтой гүйцэтгэчих нам олдохгүй байгаад сонгогчид урамгүй, сэтгэл дундуур байгаа. Гэтэл хоёр ч Засагт оролгүй сөрөг хүчний нэрээ авч үлдсэн Үндэсний эвсэл оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг, гол хүмүүс нь МАН руу нүүж байгаа сураг гарах нь саналаа өгсөн хүмүүсийнх нь хувьд их л таагүй сонсогдож байгаа болов уу.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна