Иран улс шашны шинэ удирдагчаа сонголоо

Х.Батсайхан
5 цаг 39 минутын өмнө

Исламын бүгд найрамдах Иран улсын Мэргэжилтнүүдийн зөвлөл /Шинжээчдийн зөвлөл/ улсынхаа шашны шинэ тэргүүн, оюун санааны удирдагчаа өчигдөр сонголоо. Өмнөх тэргүүн Али Хаменей залгамжлагчийн талаар гэрээс үлдээлгүй амь үрэгдсэнээс хойш яг долоо хоногийн дараа Иран ийнхүү шашны шинэ удирдагчтай болов. Лалын хувьсгал ялсан 1979 оноос хойш Иран улс ганц удаа буюу 1989 онд  Рухолла Хомейниг нас нөгчсөний дараа Али Хаменейг сонгож байсан юм. Гэхдээ шинэ удирдагчаар чухам хэн сонгогдсон бэ гэдгийг зөвлөл одоогоор чанадлан нууцалж буй бөгөөд ойрын 24 цагийн дотор зарлана гэсэн байна.

Иран ийнхүү шинэ удирдагчийнхаа нэрийг нууцалж байгаа ч хэвлэлүүд шинэ удирдагчаар хэн сонгогдсон талаар өөр, өөрсдийн эх сурвалжаас мэдээлэл авч цацсаар байна.

Тухайлбал, “Франс пресс” агентлагийн мэдээлснээр, шинэ удирдагч нь өмнөх удирдагч Али Хаменейн хүү Можтаба гэсэн бол өөр эх сурвалжууд аятолла Арафиг шинэ удирдагчаар сонгогдсон гэсэнбайх жишээтэй. 

Нүдний шилтэй нь Можтаба Хаменей 

Можтабаг шинэ удирдагчаар тодруулсан талаар өмнө нь энэ сарын 3-нд баталгаагүй мэдээлэл гарч байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Тэд цагаа дэмий үрж байна. Тэр /Можтаба Хаменейг хэлж байна/ хэн ч биш. Венесуэлийг Делси Родригесоор удирдуулсан шиг бид Ираныг хэн удирдахыг шийдэлцэх болно” гэж мэдэгдэж байсан юм.

Өчигдөр, шинэ удирдагч сонгогдсоныг албан ёсны эх сурвалжууд баталгаажуулсны дараа Израилийн арми Х платформ дахь албан ёсны хуудастаа “Али Хаменейн залгамжлагч хэн ч болсон байсан бай болгох болно” гэж мэдэгджээ.

Талийгаач аятолла Али Хаменей 1989 оноос Ираныг 37 жил удирдсан бөгөөд АНУ, Израилийн дайралтын үеэр амиа алдсан юм. Түүнийг амиа алдсаны дараа дээр дурдсан Мэргэжилтнүүдийн зөвлөл /Шинжээчдийн зөвлөл/ дараагийн удирдагчийг тодруулсан гэж дээр дурдсан. Энэхүү зөвлөл нь Ираны төрийн байгууллага гэж тооцогддог бөгөөд Исламын хуулиар мэргэшсэн хамгийн шилдэг 88 хүнээс бүрддэг. Эдгээр 88 хүн найман жилийн хугацаатай сонгогддог байна. Харин тэдний тодруулсан шашны тэргүүн насан туршдаа эрх мэдлээ хадгалдаг билээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна