Сарыг нисэгчтэй хөлгөөр тойрох зорилготой “Артемис II” багийнхан сарыг тойрон нисэх даалгавраа амжилттай биелүүллээ.
“Орион” хөлөг сарны ар талд гарч, дэлхийгээс 40 минут орчим тасарсан. Энэ үедээ “Сарны нууц” гэгддэг дэлхийгээс харагддаггүй хэсгийн талаар үнэлж баршгүй мэдээллийг цуглууллаа. “Орион” хөлөг Гринвичийн цагаар 22.00 цагт Хьюстон дахь “Mission Control” багаас холбоо тасарч, тооцоолж байсанчлан яг 40 минутын дараа эргэн холбогджээ.
Түүнчлэн, дэлхийгээс хамгийн холдож ниссэн дээд амжилтыг тогтоожээ. АНУ-ын Сансрын уудмыг шинжлэх судлах төв /НАСА/ энэ талаар гаргасан албан ёсны мэдээлэлдээ "НАСА-гийн сансрын нисгэгчид болох Рийд Уайзман, Виктор Гловер, Кристина Кох, Канадын сансрын агентлагийн сансрын нисгэгч Жереми Хансен нараас бүрдсэн “Артемис 2” багийнхан хүнтэй нислэгийн үеэр дэлхийгээс хамгийн хол зайд аялсан дээд амжилтыг тогтоож, 1970 онд тогтоосон Аполло 13-ын дээд амжилтыг (248,655 миль) давлаа" гэжээ. “Артемис 2”-ынхон өмнөх дээд амжилтыг 4500 милиэр эвдсэн аж. Мөн нислэгийн үедээ сарны гадаргууд хамгийн ойр буюу 6650 км-ийн зайтай нисжээ. Энэ нь хөлгийн багийнхан өндөр нарийвчлалтай гэрэл зураг авахаас гадна дуу, дүрс бичлэг хийх ч боломжтой гэсэн үг бөгөөд хүн төрөлхтөнд маш сонирхолтой, үнэт мэдээлэл авч ирэх нь тодорхой болжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна