Б.Батбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжихгүй

Х.Есү
2026/04/15

ИЗНН Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар: УИХ-ын гишүүн миний бие өөрийн бланкаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг гуравдугаар сард санаачилсан. Засгийн газар ажлын 30 хоногийн дотор саналыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Ажлын 30 хоног нь өчигдрөөр дуусгавар болж байгаа. Засгийн газар өнөөдрийн хурлаараа хэлэлцэх болов уу гэж харсан ч хэлэлцсэнгүй.

УИХ-ын гишүүдийг хариуцлагатайгаар эгүүлэн татах тал дээр манай намын хувьд ийм эрх зүйн зохицуулалт байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжихгүй.

Учир нь энэ хууль хэтэрхий өргөн хүрээнд, парламентын бүрэн эрхийн хүрээнд, цэц болон ёс зүйн асуудал гэх мэтээр дээрээс нь эгүүлэн татагдсан гишүүний ард дараагийн гишүүн хэн байх вэ гэдэг асуудлыг зохицуулаагүй гэж үзэж байгаа учраас энэ хуулийг хэлэлцэх эсэх дээр дэмжихгүй гэдэг улс төрийн шийдвэр гаргаснаа мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Монголын ард түмэнд энэ цаг үед цорын ганц эрх чөлөө байгаа. Сонгуулиар дамжуулж төр засгаа сонгох л эрх байгаа. Энэ байгаа ганц боломжийг нь ёс зүйн асуудлаар ардчиллыг бусниулж авах гэж байгааг хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулинд “Ноцтой ёс зүйн зөрчил” гэсэн заалт байгаа. Энэ нь ёс зүйн туцхай ойлголтыг тодорхой хэмжүүргүй үлдээсэн байгаа байдал нь эргээд энэ хуулийг субъектив байдлаар ямар ч цар хүрээнд ашиглах боломжтой нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Хариуцлагыг нэмэгдүүлэх байдлаар ардчиллыг хумих эрсдэл байна гэж үзэж байна.

Мөн жагсаалтаар сонгосон гишүүдийг намын шийдвэрээр эгүүлэн татах боломж олгож байгаа нь парламентын гишүүдийг намын удирдлагаас шууд хараат байлгах нөхцөл байдлыг бүрдүүлж байна гэж харж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.33
    2026/04/16

    Батболд Батбаатар та 2н аль нь дарга нь юм бэ. 2 уулаа би дарга гээд яриад байхын. Та нар ядаж намын дотоод асуудлаа нэг тийш болгочихооч

    Хариулах
  • 202.55.188.100
    2026/04/16

    Луйварчид юу гэж дэмжих вэ тэр тусмаа жагсаалтын хулгайчид өчнөөн хахууль өгч жагсаалтад багтсан тэр мөнгөө хэдэн наяд болгох бодолтой хулгайчид шүү дээ...

    Хариулах