721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ

Х.Есү
3 цаг 33 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 1 дүгээр улиралд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтаар 59 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоогдсон бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж, зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах чиглэлээр 45 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтаар авлигын гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг илрүүлэн Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явуулахад нэр бүхий албан тушаалтнууд нь “Э” компанид зээлийн батлан даалт гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.1, 7.1.3-д заасныг зөрчсөн, түүнчлэн хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул 1 албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, 2 албан тушаалтныг албан тушаал бууруулах, 1 албан тушаалтанд албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах хариуцлага хүлээлгэв.

“Цемент шохой” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох мэдээллийг хянан шалгаж, санхүүгийн зөрчил болон дээд боловсролын хуурамч баримт бичиг ашигласан нөхцөл байдлыг тогтоон, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллага, нэгжид шилжүүлэн, албан тушаалын сонгон шалгаруулалтыг тухай бүр хууль журмын дагуу зохион байгуулах талаар “Эрдэнэс Монгол” ХХК-д мэдэгдэв.

Иргэн “А” нь нас барсан аавынхаа тэтгэврийн мөнгийг үргэлжлүүлэн авч байгаа талаарх мэдээллийг хянан шалгахад тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд түүний нас барсан бүртгэлийн талаарх мэдээлэл тухайн цаг үедээ нийгмийн даатгалын байгууллагад бүртгэгдэхгүй, улсын бүртгэлийн болон нийгмийн даатгалын байгууллага хоорондын цахим сангийн мэдээлэл солилцоо хангалтгүй, нас барагчийн талаарх бүртгэл мэдээлэлд тухай бүрт нь шинэчлэл хийдэггүйн улмаас тоо бүртгэлийн зөрүү үүссэн, тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээний акт батлагдаж, мөрдөгдөөгүй байгаа зэргээс шалтгаалан нас барсан иргэний тэтгэвэр хууль бусаар үргэлжлэн олгогдож, улмаар нийгмийн даатгалын санд бодит хохирол учирсан нөхцөл байдал тогтоогджээ.

Түүнчлэн хяналт шалгалтын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023-2025 онд нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн олголтод хийсэн шалгалтын дүнг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар хянан үзэхэд нийт 721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоноос 380 хүнтэй холбоотой 1,8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт тогтоон, 233 хүнд холбогдох 1,1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулж, тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэн, одоогоор 341 хүнд хамаарах 758.9 сая төгрөгийг нөхөн төлөх хариуцагчийг тодруулахаар ажиллаж байна.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.38
    39 минутын өмнө

    Ийм хулгайчуудтай улс яаж хөгжих билээ дээ лалруудаар бүр ногдуулаад дахин төлүүлэх хэрэгтэй

    Хариулах
  • 203.91.115.38
    38 минутын өмнө

    Аягүй бол манай талийгаач босж ирээд бас гарын үсгээ зурсан л байгаа даа аймаар

    Хариулах
  • 66.181.183.101
    56 минутын өмнө

    Тэтгэвэр авагч нас барахаар нь НДГ-т автоматаар хасалт хийдэг сиситем байдаггүй юм байх а. Энэ хүмүүсийн залилж авсан мөнгий нь нугалж төлүүлэх хэрэгтэй

    Хариулах
    • 103.26.195.249
      6 минутын өмнө

      Уг нь нас барсаны гэрчилгээг улсын бүртгэлээс аваад нийгмийн даатгал дээр очоод хасуулдаг ш дээ

  • 66.181.183.101
    58 минутын өмнө

    НДГ-ын байцаагч нар ажлаа хийхгүй байна. Эсвэл авилга аваад хүний тэтгэврийг өндөр тогтоож өгнө, эсвэл үхсэн хүний мэдээллийг хянахгүй байна

    Хариулах
  • 103.212.118.28
    1 цагийн өмнө

    Тэтгэвэр өвлөгдөж будилаан л тарина гээд байсан шүү. Үхэж барагдах биш дээ өндөр настангууд хүмүүсийн шунал заль барагдах биш хүмүүжилгүй өлөн гарууд бусармаг зүйл хийж л байдаг ш дээ. Хуулийн л цоорхой. Гаж тогтолцоог яалтай.... Эрх мэдэлтэнүүл нь бусармаг юм хулгай залилан хийж иргэд уруу татаад байх юм бна ш дээ.

    Хариулах
  • 138.252.29.43
    2 цагийн өмнө

    Одоо тэр тэтгэвэр өвлүүлэх гэдэг тэнэг юмаа болих хэрэгтэй.

    Хариулах
    • 103.229.121.111
      1 цагийн өмнө

      Зөв юм хиихээр иим эргүү нар байгаад байх юм