АН-аас хэсгийн ахлагч болон “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Нийслэлийн хэмжээнд 1915 хэсгийн ахлагч ажиллаж, ИТХ-аас тэдний цалин урамшуулалд 29 орчим тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь хэд хэдэн хууль зөрчиж байна гэж үзэж байна.
Хуулийн төсөл санаачлах болсон гурван үндсэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуульд засаг захиргааны нэгжийг аймаг, нийслэл, дүүрэг, хороо, баг гэж заасан байтал "хэсэг" гэх шинэ нэгж бий болгож, төсөв баталж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл.
Хоёрдугаарт, төрийн 2500 орчим үйлчилгээний тал хувь нь цахимжсан өнөө үед иргэний хувийн мэдээлэлтэй харьцдаг хэсгийн ахлагч нарыг иргэний хуулийн гэрээгээр ажиллуулах нь мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна.
Гуравдугаарт, хэсгийн ахлагч нарыг хорооны Засаг дарга шууд томилж, чөлөөлдөг нь тэднийг улс төрийн нөлөөлөлд автах, сонгуулийн хэрэгсэл болох эрсдэлд оруулж байна. Энэ хууль батлагдсанаар жилд 20-30 тэрбум төгрөг хэмнэж, хороодын зохион байгуулалтыг шинэчлэх боломж бүрдэнэ гэж тооцоолсон.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Ерөнхий сайдын зүгээс Туулын хурдны замын төслийг түр зогсоох шийдвэр гаргасан ч АН-ын бүлэг төслийг бүрмөсөн зогсоох шаардлага тавьж байна. Туулын хурды замын төслийн ТЭЗҮ тодорхойгүй, байгаль орчны үнэлгээ бүрэн гараагүй, трасс нь 13 удаа өөрчлөгдсөн зэрэг олон зөрчил дагуулсан. Нийслэлийн ИТХ-аас төслийн өртгийг 2.3 их наяд төгрөгөөр баталж, тендер шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй бусаар явуулан гадаадын компани шалгаруулсан нь хардлага төрүүлж байгаа.
Мөн нүүрсний хамгийн том хулгай болох “Бодь”-ийн оффтейк гэрээг шалгах асуудлыг АН тууштай өргөн барьсаар байх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна