С.Баярцогт: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс Монголын бахархал байх ёстой

Zuv.mn
1 цаг 56 минутын өмнө

АН-ын ЕНБД-д нэр дэвшсэн С.Баярцогтоос тодрууллаа.

-АН-ын фракциуд ЕНБД-ын асуупаар санал зөрөлдөөнтэй байна. ЕНБД-аар сонгогдвол энэ асуудлыг та хэрхэн шийдэх вэ?

-Манай нам анхнаасаа таван намын нэгдэл байсан. Сүүлд бас олон жижиг намууд нэгдсэн. Тэгэхээр олон ургальч үзэл манай намд үрглж байсан. Энэ бүхнийг зохицуулах нь намын дарга болоод ЕНБД-ын үүрэг байдаг. Яг одоогийн байдлаар манайх дөрвөн том, хоёр жижиг, нийт зургаан фракцитай байна. Хүмүүсийн яриаг сонсоход нэг фракц нь эсрэг байр суурьтай байх шиг байна. Гэхдээ энэ нь биднийг учраа олж чадахгүй гэсэн үг биш. Манай нам өмнө нь хоёр хуваагдаж, нэг тал нь тамгатай, нэг тал нь гэрчилгээтэй илүү хүнд байдалд орж байсан. Бэрхшээлээ даваад 2024 оны сонгуульд амжилттай оролцсон. Энэ ажлыг анхнаас нь санаачилж, тэргүүлж хийж байсан хүний хувьд, манай нам эв нэгдлээ бүрэн дүүрэн хангаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тийм ч учраас намын даргыг санал тавихад нь миний бие хүлээж авсан.

Өмнө нь бодлогын тал дээр төвлөрдөг байсан бол одоо илүү нэгж дээрээ, зохион байгуулалт дээрээ төвлөрөх ёстой юм байна. Ингэвэл бидний ялалт баталгаажих юм байна гэдэг байр сууриа илэрхийлээд саналыг нь хүлээж авсан.

-Үг хэлсэн гишүүд юу гэж хэлэв?

-Юуны түрүүнд эв нэгдлийг хүсэж байна. Мөн удирдлагын багт залуучуудыг авч ажиллуулах хүсэлтийг тавьж байлаа. Би үүнтэй санал нэг байгаа. Би сонгогдвол удирдлагын баг, аппартаа 80, 90-ээд оны залуучуудаас бүрдүүлнэ гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл би 23 настайгаасаа төрийн өндөр албан тушаалуудыг хашиж ирсэн учраас итгэл хүлээлгэвэл даагаад аваад явчих чадалтай гэдгийг мэдэж байгаа. Байнга залуучуудыг дэмжиж ирсэн, цаашид ч тэгнэ.

-Оюутолгойн гэрээг муу хийсэн хүн ЕНБД болчихоор намын нэр хүндэд нөлөөлөхгүй юу гэсэн болгоомжлол байна?

-Би бол эсрэгээрээ Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс Монголын бахархал байх ёстой гэж боддог. Бид саран дээр амьдраагүй шүү дээ. Манай улс бол дэлхийн улсуудаас хамгийн хүчирхэг хоёрынх нь дунд оршдог улс.

Манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр эдийн засгийн хувьд ОХУ, БНХАУ-тай 30, 30 хувь, гуравдагч хөрштэй 40 хувь байж байж аюулгүй байдал хангагдана гэж үздэг.

Рио Тинто орж ирснээрээ энэ хүчний харьцааг тэнцвэржүүлсэн.

Дээр нь “Рио Тинто” бол босоо аргаар олборлолт хийдэг технологийг эзэмшсэн гурав, дөрөвхөн компанийн нэг.

-Та ЕНБД болбол МоАХ, Х.Баттулга гэдэг хүнтэй яаж ойлголцох вэ. Таныг учрыг нь олохоос өөр аргагүй ийм албан тушаал дээр очих гэж байна гэж ойлгож байна. 21 аймаг, есөн дүүрэгт үүртэй, бараг нам шиг том фракци шүү дээ?

-Намайг хүмүүс Х.Баттулгатай муу гэж ойлгодог юм шиг байгаа юм. Тийм юм байхгүй. Үргэлж л “Хамтраад ажиллая аа” л гэдэг. Гол нь тэр саналууд дотор нь хүлээж авахааргүй зүйл бадаг байсан юм. Одоо ЕНБД болоод намын ялалтын төлөө явах юм бол юм бол тэр зүйлүүд дээр нь харилцан буулт хийгээд явахад ерөөсөө болохгүй юмгүй.

Та нар мэддэг бол, 1998, 2004, 2008, 2014 оны Засгийн газрын гэрээг би намаасаа дандаа ахалж оролцож байсан. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, хасахтай байсан эдийн засгийг +17 хувь болгож өсгөж байсан. Томоохон хөрөнгө оруулагчидтэй гэрээ хийж байсан гээд тухайн үеийн албан тушаалаасаа болоод томоохон хэлэлцээр хийх боломж олдож байсан, тэр болгоныг амжилттай болгож байсан.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна