Эрдэнэс Монгол ХХК: Шуурхай ажлын хэсэгт нүүрс тээвэрчдийн төлөөллийг урилаа

Т.Отгонсувд
1 цаг 41 минутын өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тушаал гаргаж, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар, арчлалт болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Шуурхай ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 4- 6-ны өдрүүдэд Гашуунсухайтад ажиллав.

Ажлын хэсгийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Дөлгөөн ахалж байна. Ажлын хэсгийнхэн тус замаар нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгжүүд болон жолооч нарын төлөөлөл, гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай нэн түрүүнд уулзлаа.

May be an image of one or more people and road

Жолооч нар замын эвдрэл гэмтлийг яаралтай засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дагуу амрах цэгийн тоог нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжсэн сургалт тогтмол зохион байгуулах хүсэлт гаргалаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд 2017 оноос хойш шинэчлэгдээгүй нүүрс тээврийн тарифтай холбоотой журмыг ойлгомжтой, цэгцтэй болгох, ажлын уялдаа холбоог сайжруулах хүсэлт тавив.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд GPS, хар хайрцаг суурилуулахыг тээврийн компаниудад мөрдлөг болгох, камерын хяналтын системтэй болох зэргээр технологи нэвтрүүлэх шаардлагатай байгааг хэлтсийн дарга О.Чинзориг илэрхийллээ.

May be an image of oil refinery

 Уулзалтын үр дүнд ажлын хэсэгт аж ахуйн нэгжүүд болон жолооч нарын төлөөллийг оруулахаар болж, дээрх асуудлуудын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн энэ оны төлөвлөгөөт засварын хүрээнд нийт дөрвөн багц ажилд 33.7 тэрбум төгрөг зарцуулж, ирэх намар гэхэд зам засварын ажлыг дуусгахаар болсныг танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд хийгдсэн зам засвар чанаргүй байсныг жолооч нар шүүмжилж, энэ жилийн замын ажилд хяналтаа сайн тавьж ажиллахыг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийнханд санууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна