ӨБХ: Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Zuv.mn
1 цаг 33 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.05.13)-ийн хуралдаан 15.18 цагт 76.2 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Ж.Галбадрах, С.Замира, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, М.Сарнай, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Ж.Золжаргал, Ц.Мөнхтуяа, Д.Рэгдэл, Х.Баттулга, Д.Ганмаа, Ц.Идэрбат, О.Саранчулуун нар ирснийг Байнгын хорооны дарга О.Номинчимэг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, С.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Галбадрах нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл ирэх онд улсын төсөв хүндрэх төлөвтэй байна гэсэн тайлбар, мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон холбогдох яамдын албан тушаалтнууд өгч байгааг дурдаад, багш, эмч нарын цалингийн хэмжээг нэмсэнтэй холбогдуулан үлдэж байгаа хэсгийн цалинг яаж нэмэгдүүлэх, нийт төрийн албан хаагчдын цалин, хөлсийг хэрхэн тооцож төлөвлөсөн талаар асуусан юм. Мөн тэрбээр ахмад настны тэтгэврийг нэмэх, зөрүү ялгааг арилгах талаар ямар бодлого төсвийн тооцоололд хэр шингэсэн талаар асуув. Төсвийн бодит чадавх ханасантай холбоотойгоор 2027 онд төсвийн урсгал зардал 4.0 их наяд төгрөгөөр нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын орон зай хумигдсан гэдгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр тайлбарлалаа. Иймд эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засаг дахь төрийн оролцоог хумих цог бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг боловсруулахдаа төрийн албан хаагчид болон хөдөлмөр эрхэлж буй энгийн иргэдийн төлөөллийн байгууллагатай зөвшилцсөн, эсэхийг магадлаад Газрын тос боловсруулах үйлдвэрийн хариуцагч, төсөл хэрэгжүүлэх огноо, техник, эдийн засгийн үндэслэлийн зарим мэдээллийг тодруулж асууж, хариулт авсан юм. Мөн тэрбээр экспортолж буй нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ, түүний хэрхэн тооцож, тодорхойлсныг асуусан юм. Газрын тосны бүтээгдэхүүний импортын нөхцөл хэвийн байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр тодорхой танилцуулж, нүүрсний үнэ хэлбэлзэл ихтэй байгааг хэлж, дундаж үнийг 124 тн/ам.доллар байхаар тооцсон гэдгийг хэлэв. Энэ нь улсын төсөвт нөлөөлөхгүй боловч Үндэсний баялгийн санд хуримтлал төвлөрүүлэх боломжгүй байдал үүсэж буйг дурдсан юм.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нийтээр нь “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах ажлын зардал, санхүүжилтийг хэрхэн төлөвлөж байгааг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал асууж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц ямар шинэ төсөл, хөтөлбөр төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төсөөлөлд тусгагдаж байгааг асуув. Хөрөнгө оруулалтын орчин туйлын муудсан гэдгийг сайд Ж.Энхбаяр онцолж, Засгийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих замаар эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах бодлого явуулна гэлээ. Мөн авто зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөж байгааг ярив.

Ядуурлыг бууруулах ямар бодлого улсын төсвийн бодлогод агуулагдаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах тодруулж, боловсролын салбарын чанар, хүртээмжийг тэлэх, багшлах болон бусад боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангаж, хомсдлыг арилгах талаар ямар бодлого баримталж буйг асууж хариулт авлаа. Боловсролын салбар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 7.0 хувьд хүрсэн бөгөөд улсын төсвийн 20.0 хувийг зарцуулж буй нь чамлахааргүй үзүүлэлт гэдгийг сайд Ж.Энхбаяр өгүүлж, ядуурлын бууруулах хамгийн бодит боломж бол том төслүүд дээрээ улстөржин маргалдаж цаг алдалгүй эдийн засгаа тэлэх явдал гэдгийг онцолсон юм.

Байнгын хорооны дарга О.Номинчимэг амьдрах орчин нөхцлийн болон төрийн үйлчилгээ, хүний эрх зөрчигдөж байгаа зэрэг шударга бус байдал, татвар, шимтгэлийг бууруулах, инфляцыг тогтворжуулах зэрэг амьжиргааны асуудлуудаар иргэдээс өргөдөл, гомдол ирж байгааг танилцуулаад, Засгийн газраас саяхан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн татварын багц хуульд оруулахаар төлөвлөсөн өөрчлөлтийн бодлого төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөөллийн төсөлтэй уялдсан эсэхийг асууж хариулт авсан юм. Мөн улсын төсвийн суурь тэнцлийг хуульд заасан хамгийн дээд хязгаар буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцоолсон нь хэрэгжих боломжтой эсэхийг асуусан юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар татварын реформыг хийсэн, хийгээгүй хоёр хувилбар тооцоололд улсын төсвийн орлогын хэмжээ өөр гарч байгааг танилцуулж, харин төсвийн орлого буурсан тохиолдолд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар суурь тэнцлийг хангах боломж бий гэсэн юм. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлд Засгийн газрын амлуулсан 18.0 их наяд ам.долларын гадаад зээлийн боломжуудыг жагсаачихсан байгаа гэдгийг хэлж, суурь тэнцлийн хязгаартаа багтаах үүднээс эдгээрийн ашиглалтыг он онд хуваарилан хойш сунгаж байгааг тайлбарлалаа.

Ингээд, хэлэлцэж буй Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна