Ерөнхий сайд Н.Учрал Д.Батлутын толгойг хэдэн удаа илэх вэ

Zuv.mn
2 цаг 11 минутын өмнө

Монголчууд “Төрийн босго өндөр байх ёстой” гэж ярьдаг. Гэтэл яагаад ч юм бэ, Батлан хамгаалахын сайдыг босгыг “Цэргийн алба хаасан” төдий болтол намсгачихжээ. Үүнтэй холбоотойгоор Монголын цэрэг арми аавын хөвгүүдийг хатуужуулдаг биш, тамлаж тарчлаадаг, шантрааж, залхаадаг газар болж хувирчээ.

Өдгөө Батлан хамгаалах салбарыг цахилгааны инженер мэргэжилтэй Д.Батлут удирдаж байгаа. Түүнийг эрх мэдлээ хэрэгжүүлж байх үед хугацаат цэргийн алба хаагч хүндээр гэмтсэн, амь насаараа хохирсон тохиолдол нэг бус удаа гарч, огцруулах асуудал яригдаж байсан.

Дайны үед дайснууд нэгэндээ энэрэнгүй хандахгүй нь тодорхой учир бэлтгэл сургуулилалтын хүнд хүчир хийгээд хүмүүжүүлэх зорилготой арга хэмжээг энэ салбарт үгүйсгэж болохгүй. Гэвч цэрэг арми гэдэг шулуун шударга, хариуцлагатай гээд эр хүний сайны жишээ болж байснаас бус муу санаа, хоёр нүүр, амин хувиа хичээх үзлээр төсөөлөгдөж байсан удаа ховор байх.

Гэтэл Д.Батлут сайдын үед яг яг ийм төсөөлөл рүү орчих гээд байна, яах вэ. Баянхонгор аймгийн харъяат хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан хэрэг гарахад “Хариуцлага хүлээхэд бэлэн” гэж мэдэгдсэн хэр нь “Сүүлийн 10 жилд 46 цэрэг амиа алдсан байна” гэдэг судалгаа танилцуулж байв. Энэ нь “Миний үед л цэрэг үхээпд байгаа юм биш шүү” гэдэг санааг илэрхийлэх бөгөөд мань хүн өөрийнх нь салбар тэргүүлж байх үед цэргийн амь нас үрэгдэх нь олон жилийн дунджаас хэтэрчихгүй бол гайгүй гэж бодохоос сийхгүй хүн гэдгээ харуулсан.

Гэтэл одоо хээрийн сургуулилалтын үеэр цэргүүдийг машинаар дайрч, элэг дүүрээг нь задалчихаад “Би зүгээр ээ, амьд байгаа...” гэж нийтийн сүлжээнд бичүүлтлээ дордсон байна. Арай л богино хугацаанд арай л дэндүү хурдтай ялзарч байна бус уу.   

Д.Батлут сайд цэргийн өндөр боловсролгүй.

Бүрэн дунд боловсролтой, “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан байсан тэрбээр 2003 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирлаар ажилд орж, 2006 он хүртэл ажилласан, энэ ажлыг хийж байхдаа буюу 2004 онд ШУТИС-ын харъяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр дүүргэсэн л хүн.

Түүнээс хойш мэргэжлээрээ ажиллаагүй НАМЗХ, улс төр гээд явчихсан тэрбээр Г.Занданшатар танхимаа байгуулж байх үед “Би цэргийн алба хаасан” гэдэг хүн ичмээр шалтаг шалтгаан тоочин Батлан хамгаалахын сайд болсон юм.

О.Баасанхүүг Ц.Нямдорж гуай нэгэнтээ “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж үсрээд УИХ-д орж ирсэн” гэж хэлсэн байдаг. Тэгвэл Д.Батлутыг Ерөнхийлөгч болон түүний талынхны “70-аад оныхонд итгэл хүлээлгэх” бодлогод хавчуулагдаж сайд болсон гэж хэлж болно. Тиймээс больж болно. Буруу санаагүй бол, энэ хүнийг сайдаас буулгах, үгүй бол Засаг огцруулах шаардлагыг Ардчилсан нам  тавьчихсан байгаа. Ерөнхий сайд Н.Учрал Д.Батлутыгаа бушуу солихгүй бол Монголын цэрэг армийн нэр хүнд унаад дууслаа. Хэдий болтол, танхимаа дэнчин тавин барин энэ хүнийхээ толгойг илэх гэсэн юм бэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна