Неймарын “Сүүлчийн бүжиг”, гунигт төгсгөл

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

-“Э.Хааланд ба түүний нөхөд” Бразилийг “мулталж”, түүхэндээ анх удаа шөвгийн наймд үлдлээ-

Шөвгийн 16-гийн учраа тодорсны дараа Норвегт итгэл хүлээлгэх бариашгууд олон байсан нь нэг, Бразил энэ тэмцээнд сайн биш байгаа, хоёрт хоёр багийн хоорондын тоглолтын үртэй холбоотой байв. Тодруулбал, Бразилийн шигшээ хэдий том баг ч Норвегитай өмнө нь таван удаа тоглохдоо нэг ч удаа хожиж үзээгүй аж. Өөрөөр хэлбэл, викингүүд хөлбөмбөгийн шидтэнүүдийн хувьд тал таардаггүй эвгүй өрсөлдөгч нь ажээ.  

Энэ таамаг ч ёсоор болж, Норвегийн шигшээ баг ДАШТ-ийн шөвгийн 16-д дэлхийн таван удаагийн аварга Бразилийн 2:1-ээр хожиж, хоёр гоол оруулсан Э.Хааланд тоглолтын гол баатраар тодорлоо. Э.Хааланд хоёр гоол оруулах нь байдаг л зүйл, гэхдээ энэ удаа улсаа анх удаа шөвгийн наймд үлдээсэн нь түүний хоёр гоолыг улам үнэ цэнтэй болгож байна.


Бразилын тухайд, ДАШТ-ээ ингэж өндөрлүүлсэнд тэд өөрсдөө л буруутай. Тоглолтын 12 дgхь минутад Кристофер Айер Матеус Куньягийн хөл рүү жийж ороход шүүгч Исмаиль Эльфат ВАР шалгаж үзээд 11 м-ийн торгуулийн цохилт заасан. 


Энэ үед бүгд шилдэг довтлогч, ДАШТ-ий мэргэн буучийн төлөө өрсөлдөж буй Винисиус Жуниороор цохиулах байх гэж хүлээж байсан ч Бруно Гимараэшт итгэсэн нь тэдний гол алдаа болсон юм.

Б.Гимараэш хэдий “Ньюкасл юнайтед”-д гялалзаж, Премьер лигийн шилдэг хагас хамгаалагчдын нэг гэгдэж байгаа ч хаалгачтай байнга тулдаг Минисуэсаас яавч илүү байж чадахгүй нь ойлгомжтой л байсан. Түүний маш муу цохилтыг Эрьян Нюланд хаасан төдийгүй, хоёрдугаар үед маш аюултай гурван ч цохилтыг ур чадвар гарган хааснаар  тоглолтын бас нэг гол баатар болох болзлоо хангасан юм.


 “Севилья”-д тоглодог 35 настай энэ хаалгач өнөөдрөөс томчуудын анхааралд орж байгаа биз.

Ингээд тоглолтын 79 дэхь минутад гол баатрын ажил эхэлж, Э.Хааланд эхний гоолоо мөргөж оруулсан. Тэрбээр гоол оруулчихаад баярлаж хөөрөх ч үгүй, “Энэ бол миний ажил шүү дээ” гэсэн байдалтай байсан бөгөөд 90 дэхь минутад баруун хөлийн хүчтэй цохилтоор гоолдож, улсынхаа хөлбөмбөгт гавьяа байгуулан, түүх бүтээлээ.


Тоглолтын бүр сүүлд Неймар 11 м-ийн торгуулийн цохилтоос гоол оруулсан ч энэ нь юуг ч шийдэхгүй гоол байв. Тэрбээр гоол оруулчихаад Норвегийн хаалгач руу очиж юу ч юм бэ хашгичин хэлж, хариуд нь Э.Нюланд инээж харагдсан.


Хэдий Неймар тоглолтын тооны харьцаа 0:0 байхад талбайд гарсан ч багаа хожуулж чадсангүй. Хөлбөмбөгийн түүхэн дэхь ховорхон авьяаслаг тоглогч тэрбээр гэмтэл бэртлээр дүүрэн замналыг өнгөрүүлж, сүүлчийн ДАШТ-дээ арай гэж орсон ч ийнхүү гунигтайгаар тэмцээнээ өндөрлүүлж байна. Тэрбээр тоглолтын дараа Шигшээ багтаа дахиж тоглохгүй, зодог тайлж байгаагаа зарласан юм. 

Анх удаа ДАШТ-ий шөвшийн наймд үлдсэн Норвегийн шигшээ удахгүй эхлэх Мексик-Английн ялагчтай шөвгийн наймд тоглоно.


 

ДАШТ. 1/8 шигшээ

Бразил-Норвеги 1:2

Гоол Эрлинг Хааланд 79 /Скьеллеруп 0:1/, Эрлинг Хааланд 90 /Скьеллеруп, 0:2/, Неймар 90+10 /11 м, 1:2/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна