МУГЖ Т. Ариунаа өнөөдөр Ардын Жүжигчин цол тэмдгээ гардан авч сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Монголын төр Ардын Жүжигчин хэмээх энэ цолыг надад хүртээж буйд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ их итгэл, хүндэтгэлийн өмнө мэхийн ёсолъё. 40 жилийн туршид уран бүтээлч байх хандлагыг сурч, үнэнч шудрага, тууштайгаар урлагийн манаанд зогссон.
Урлагийн “А” үсэг, урлагийн соёлыг цэцэрлэгийн багш байхад зааж, төлөвшүүлж сургасан ээж минь тэнгэрийн орноос харж байгаа.
Мөн намайг мэргэжлийн урлагийн байгууллагад, үүнээс Соёл-Эрдэнэ хамтлагт хөтлөн оруулж, хүүхэд байхаас минь дайчин, зоригтой, бадрангуй байх итгэлийг өгсөн хүн бол миний аав юм.
Хэдийгээр ээж аав минь бурхны оронд байгаа ч би тэдэндээ үнэхээр их талархаж байна.
Намайг 52-р сургуульд “Нарны дуулал” хамтлагт ороход урлагийн талбарт хэрхэн хөдөлмөрлөхийг, урлаг хоёр нүүргүйгээр бусдад үйлчлэх ёстойг төлөвшүүлсэн хүн бол Соёлын Гавъяат Зүтгэлтэн Галмандах багш. 15 настайгаас минь эхлэн өөрийн дууг надад өгч байсан. Багшийнхаа дуулсан олон дууг би “Радиогийг алтан фонд”-д бичиж үлдээсэн.
Үүний дараа 1986 онд Соёл-Эрдэнэ хамтлагийн алтан дуучин болж байлаа. Тэгэхэд намайг хүлээж авсан хүн нь миний хүндэлж явдаг агсан Ухнаа дарга байсан.
Соёл-Эрдэнэ хамтлагийн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархъя.
Ерөнхийлөгчийн зарлигт “Урлагийн алтан хөмрөгт нандин дууны өв соёлыг үлдээсэн” гэж хэллээ. Нийтдээ 250 гаруй уран бүтээлийг туурвисан бөгөөд үйл явцад нь энэ он жилүүдийн туршид надтай хамт үнэнчээр ажилласан продюсер, хөгжмийн ая үг зохиогчид, хөгжмийн найруулагчид, продакшинууддаа онцгойлон талархаж байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна