-Ферран Торрес-Микель Мериногийн хослол Португал, Роналдуг ДАШТ-ээс хаслаа-
ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан найман хосын хамгийн чанга учраа болох дэлхийн аварга Испани, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Португалын шигшээ багийн тоглолтод испаничууд 1:0-ээр хожлоо.
Түүх сөхвөл, хоёр багийн хоорондын тоглолтоор Испани давуу /41 удаа төөрч тоглосноос 18-д нь Испани, долоод нь Португал хожиж, 16 удаа тэнцсэн/ боловч Португалд “Сүүлийн зургаан тоглолтдоо Испанид хожигдоогүй” /Дөрөв хожиж, хоёр тэнцжээ/ гэсэн давуу тал байсан. Пиренейн хойгийн хөршүүд, хөлбөмбөгийн заналт өрсөлдөгчид хамгийн сүүлд 2025 оны Үндэстний цомын тэмцээний аваргын төлөө таарч, 2:2-оор тэнцэн, цуврал торгуулийн цохилтоор Португал 5:3-аар хожжээ.
ДАШТ-ий хувьд, 2018 онд хэсгийн шатанд таарч, тухайн тэмцээний хамгийн үзүүштэй тоглолтыг гарган 3:3-ээр тэнцэж байв. Энэ утгаараа тоглолтыг олон гоолтой, харилцан довтолсон ширүүн тулаан болно гэж хүлээгсэд олон байсан.
Харин бодит байдал дээр аль, аль нь эрсдэл хийхээсээ илүү алдаа гаргахгүй байхыг чухалчилсан, шатрын өргийг санагдуулам тоглов. Испаничууд арай идэвхитэй довтолсон ч португалчууд хамгаалах тактик барьж, Ламин Ямаль дээр давхар хамгаалалт гарган, шаардлагатай үед К.Роналду бүр хойш орж ирэн хамгаалалтад тусалж байлаа. Ингэсээр үндсэн цаг дуусаж, магад олон үзэгч “Нэмэлт цагт тоглох нь, тэгээд зогсохгүй торгуулийн цохилтоор асуудал шийдэгдэх ч магадлал өндөр юм байна” гэж бодож ахуйд Испанийн шигшээ санаандгүй байдлаар хожлын гоолыг орууллаа.
Португалчуудаас Бернарду Сильва 16-гийн гадна Микель Мерино дээр хэрэггүй шахам алдаа гаргаснаас бүх бүх юм эхэлсэн.

Бернарду Сильва М.Мериног унагаачихаад шүүгчтэй маргахаар дөхөх үед тэрбээр гялс босоод бөмбөгийг маш хурдан тоглолтод оруулж, Руист дамжуулсан.

Руис Родрид дамжуулж, Родри Ферран Торрест дамжуулахад М.Мерино зэрэгцээд урагш гарахаар гүйж байв. Тоглолтын турш олигтой сэтгэхгүй байсан Ферран Торрес энэ удаад харин маш ухаалаг сүвлэсэн дамжуулалтыг төвөөр португалын хамгаалагчдын дундуур Микель Меринод урагш гаргаж өгснөөр тоглолтын хувь заяа шийдэгдсэн юм.

Үлдсэн хугацаанд португалчууд нэг бус довтолгоо зохион байгуулсан ч Бернарду Сильвагийн мөргөсөн бөмбөг хөндлөвтэй ойрхон давсан нь хамгийн том аижлт болов.
Ингэснээр Испанийн шигшээ ДАШТ-д зургаан тоглолт дараалан үндсэн цагт гоол алдаагүй /Катар 2022 ДАШТ-ий шөвгийн наймд Мороккотой 0:0-ээр тэнцээд торгуулийн цохилтоор хожигдсон/ , ДАШТ-ий эхний таван тоглолтдоо гоол алдаагүй гэсэн дээд амжилтын эзэд болсон бол Португал тэмцээнээс хасагдаж, Криштиану Роналду шигшээ багаасаа зодог тайлахаар болов. Тэрбээр энэ ДАШТ-ий дараа шигшээ багаасаа зодог тайлна гэж урьдчилан зарласан байсан бөгөөд харамсалтай нь түрүүлж чадсангүй. Испанитай хийсэн тоглолт энэ агуу тоглогчийн шигшээ баг дахь “сүүлчийн бүжиг” болов.
Испанийн шигшээ шөвгийн наймд АНУ, Бельгийн багийн хожсонтой нь тоглоно.
ДАШТ. 1/8 шигшээ
Португал-Испани 0:1
Гоол: Микель Мерино 90+1 /Ферран Торрес 0:1/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна