Олон олон хөгжилтэй контент, дүрүүдээр үзэгчдийн хайрыг татаж, “Ааштай эгч” хэмээн олонд танигдсан залуу жүжигчин Л. Мишээлтэй ярилцлаа.
Сайн байна уу? Та өөрийгөө товч танилцуулаач.
-Намайг Мишээл гэдэг. 2016 онд жүжигчний мэргэжлээр төгссөн.
Хоёулаа бага наснаасаа эхэлье. Хүүхэд байхдаа ямар хүүхэд байв? Яагаад жүжигчин болъё гэж бодсон бэ?
-Би багадаа маш даруухан хүүхэд байлаа л даа. Ангийнхан биенээ янз бүрээр цололдог шүү дээ. Яг тийм үг дуу цөөтэй, хамгийн даруухан хүүхэд нь байсан.
Би эмээ дээрээ өссөн. Тэр үедээ цэцэрлэгийн багш болно гэж боддог байсан. Харин зурагтаар гарч байгаа хүмүүсийг хараад яагаад ч юм гоё санагдаад “Эмээ би жүжигчин болмоор байна. Дугуйланд явуулаад өг” гээд Хүүхдийн драмд явж байсан. Тэгээд хоёр жил сураад энэ л миний мэргэжил гэж бодсон. Арван жилдээ гэнэт бүх зүйлд оролцоод л, дуу шуу ороод л, надгүй зүйл байхаа больсон доо.
Бас нэг юм нь тоондоо сонирхолгүй учраас ер нь л жүжигчин болох юм байна гээд шалгалт өгсөн.
Хүмүүсийн мэддэг Мишээл, ойр дотнын хүмүүсийн мэддэг Мишээл хоёр хэр ялгаатай вэ?
-Намайг контентоор бодохоор маш ааштай, их зантай гэж боддог. Гэхдээ надад их зан байхгүй, нээлттэй байхыг илүү хүсдэг.
Сошиалд үргэлж эерэг, хөгжилтэй контентуудыг хийдэг шүү дээ. Харин бодит амьдрал дээр таныг тодорхойлдог зан чанар?
Бичлэг дээрээ маш ааштайгаар гардаг. Гэхдээ жаахан л ойрхон талдаа. Дүү нараа загинавал загиначихдаг. Даруухан, эмэгтэйлэг төрлийн хүн биш. Гэхдээ ер нь бол сайхан сэтгэлтэй.
Хүмүүст танигдаж эхлэхэд ямар сэтгэгдэл төрж байв?
-Анх Ёжлолд ороход эхний бичлэг маань төсөөлснөөс илүү хандалт авсан. Яваандаа том хүмүүсээс илүү хүүхдүүд сэтгэлээ гаргадаг болоход нь “Ямар гоё юм бэ? Хичээсний эцэст” гэсэн бодол төрсөн.
Шүүмжлэл хэр их ирдэг вэ? Тэр бүгдийгээ яаж хүлээж авч, даван туулдаг талаараа яриач.
-Хүмүүс шууд хүлээж авах нь их. Яг ийм л юм байна гэж боддог. Манай контентын доор тэнэг юм уу, хэл амаа гээд л орж ирдэг. Анх их хэл ам орж ирдэг байсан ч сүүлдээ дөжирчихдөг юм байна лээ. Одоо тоохоо ч больсон. Эхлээд өмнө нь ингэж байгаагүй учраас шүүмж сонсож чадахгүй, жаахан эмзэглээд, хэцүү байсан.
Одоо ямар кинон дээр ажиллаж байгаа вэ? Дүрийнхээ талаар эсвэл киноныхоо талаар хинт өгөхгүй юу?
-Батболд ах маань “Яг чамд тохирсон, гоё кино байна аа. Ирээд уулзаарай” гээд надад санал тавьсан. Зохиолыг нь уншаад үзэхэд маш их таалагдсан. Болохоор юм байна, үзээд алдъя гэж шийдээд “Crushaa эзэмд” гэсэн нэртэйгээр есөн сард нээлтээ хийх гэж байна. Энэ дүрд намайг авсан Батболд ахдаа баярлалаа гэж хэлье.
Залуу үедээ хэлмээр байдаг зүйл байдаг уу? Дүү нартаа урам зориг өгөөч.
-Одоо төгсөх гэж байгаа ч мэргэжлээ сонгоогүй, юу болохоо мэдэхгүй байгаа хүүхдүүд маш их болчихож. Миний бодлоор аав ээжийнхээ шахалтаар биш, өөрийн хүсэл тэмүүллээрээ ирээдүйгээ сонговол зөв юм шиг санагддаг.
Анх намайг мэргэжлээ сонгож байхад гэрийнхэн маань дуртай байгаагүй. “Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй” гэж байхад нь би “Үгүй ээ, миний сонирхол” гэсээр байгаад одоо чадах чинээгээрээ явж байгаа.
Тийм учраас дүү нар минь өөрөө юунд сонирхолтой, дуртай байна түүгээрээ яваарай гэж хэлье. Аав ээжийнхээ үгээс авахыг нь аваад, гээхийг нь гээгээрэй. Гол нь өөрийнхөө сонирхлыг дагаж байж амжилт олж, амьдралын кайфыг мэдэрнэ шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна