"Хархорум" фестивалийн хүрээнд "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш өдөр бүр гайхалтай үзвэрүүдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр нээлтээ хийж, "Түмэн эх" чуулга тоглолтоо толилууллаа.
Өнөөдрийн зочин Шийдний ах буюу Сагсчин Цэлмэг буюу Tsetula, YouTuber Tushig болон бусад олны танил артист оролцоно.
Дөрөв дэх жилдээ илүү өргөн цар хүрээг хамруулан хийж байгаа энэхүү хөгжмийн наадам наймдугаар сарын 22-23-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд монголчуудын бахархалт 2000 гаруй жилийн түүхээр аялуулна. KHARKHORUM 360° фестивалийн нэг хэсэг болох үндэсний соёл, бүтээлч үйлдвэрлэл, энтертайнментыг нэгтгэсэн “Kharkhorum chapter 4: Bazaar” төслийн талаар тодруулбал , уг арга хэмжээ нь 10 өдрийн турш үргэлжлэх бөгөөд зорин очихыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.

Энэ талаар тус төслийн зохион байгуулагч Б.Оюунномин “Kharkhorum chapter 4: Bazaar” төслийн гол зорилго Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг орчин үетэй хослуулан таниулж, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ соёл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл зэргийг нэг дор цогцлоон, эдийн засагт үр ашигтай ажиллах юм. Уг арга хэмжээнд үндэсний гар урлал, хувцас, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллага оролцож байна. Тиймээс та бүхэн зорин ирэхийг урьж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэн үндэсний өв соёлтойгоо танилцахаас гадна загварын шоу, хөгжмийн зэмсэг урлах үйл явцыг дэргэдээс нь харах боломжтой гээд олон сонирхолтой хөтөлбөр хүлээж байна" гэлээ.
Төслийн хүрээнд өдөр бүр 19:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй соёл урлагийн хөтөлбөрүүд зохион байгуулна. Бид өв соёлоо түгээхээс гадна, контент бүтээгч, урлаг, спортын олон уран бүтээлчийг холбосон сонирхолтой хөтөлбөрийг олон нийтэд хүргэж байна.
Энэ арга хэмжээг гадаадын зочид их сонирхож байна.
"Kharkhorum Bazaar"-ийн өдөр бүрийн хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны Kharkhorum Festival хуудаснаас авах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна