Ч.Чулуунбат: Монгол Улс АИ92 автобензиний ес хоногийн нөөцтэй байна

Х.Есү
1 цаг 27 минутын өмнө

Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Чулуунбат болон холбогдох аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсын шатахуун хангамж, чанарын хяналт, үнийн бүрдэл болон нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат: 

-Монгол Улс АИ92 автобензиний 9 хоногийн нөөцтэй байна. Хомсдолын үед нөөцийг богино хугацаанд бүрдүүлэх боломж хязгаарлагдмал учраас нөөцөө аажмаар нэмэгдүүлнэ. Энэ оны наймдугаар сард манай улс ОХУ-ын "Роснефть", "Газпром", "Енико" болон БНХАУ-ын "Петрочайна интернэйшнл" зэрэг компаниудаас нийтдээ 75 орчим мянган тонн АИ92 төрлийн авто бензин худалдан авахаар захиалга өгсөн. 

Энэ захиалгаас энэ сарын 24-ний өдрийн байдлаар нийт 51 гаруй мянган тонн АИ92 авто бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээд байна. 125,000 орчим тонн шатахууны ачилт хийгдэн, үлдсэн хоногуудад шат дараатайгаар орж ирэхээр замдаа явж байна. Мөн дээрх компаниудаас нийт 158 гаруй мянган тонн дизель түлшний захиалга хийж баталгаажуулснаас одоогийн байдлаар 121 гаруй мянган тонн нь Монгол Улсад орж ирээд байна.

Сүүлийн өдрүүдэд БНХАУ болон ОХУ-аас Евро-5 ангиллын АИ92 авто бензин Замын-Үүд болон бусад боомтуудаар дамжин агуулахуудад бууж, хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Мөн ОХУ-ын "Индонеко", "Газпром" зэрэг компаниудаас нийлүүлсэн Евро-5 ангиллын АИ92 авто бензинийг хэрэглэгчдэд түгээж байна.

Сүүлийн 2-3 хоногт Монгол Улсад орж ирэх вагоны тоо хэмжээ мэдэгдэхүйц өссөн бөгөөд үүнийг дагаад Улаанбаатар хот болон орон нутаг руу хийх шатахууны ачилтыг нэмэгдүүлээд байна. График мэдээллээс харахад, хоногт дунджаар 36 вагон АИ92 авто бензин орж ирж байгаа, манай улсын ердийн хэрэглээ хоногт 34 вагон байдаг. 

Наймдугаар сарын 4-нөөс 25-ны хоорондох сүүлийн 21 хоногийн ачилтын мэдээллээр Улаанбаатар хотод нийт 120 орчим мянган тонн бүтээгдэхүүн, хөдөө орон нутаг руу 118 орчим мянган тонн бүтээгдэхүүнийг тус тус түгээсэн. Сүүлийн хоёр хоногт орон нутгийн хангамж, түгээлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, өдөрт бараг 1,000 орчим тоннд хүргэсэн байна.

Сүүлийн үед Евро-5 ангиллын АИ92 авто бензиний үнэ Улаанбаатар хот орчимд 2,000 орчим төгрөгөөр өссөнтэй холбогдуулан хэрэглэгчдийн дунд "Ердийн буюу К2 ангиллын Аи-92 бензинийг Евро-5 ангиллын үнээр худалдан борлуулж байгаа юм биш биз гэсэн хардлага, сэрдлэг үүссэн.

АМГТГ-аас өчигдөр "Петровис" компанийн толгойн агуулахаас Евро-2 болон Евро-5 ангиллын авто бензиний дээжийг авч, АМГТГ-ын харьяа Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний төв лабораторид шинжилгээ хийлгэлээ. Шинжилгээний дүнгээр авсан хоёр дээж нь Монгол Улсын MNS 217:2017 стандартын техникийн шаардлагыг бүрэн хангаж байгаа нь тогтоогдсон.

Манай улсын хувьд энгийн АИ-92 бензиний үнийг хямд барих бодлого баримталж ирсэн учраас ОХУ-ын Ангарскийн боловсруулах үйлдвэрээс Евро-2 (К2) ангиллын авто бензинийг голчлон оруулж ирдэг. Энэ сард орж ирж буй 75 орчим мянган тонн АИ92 бензиний 58 орчим мянган тонн нь Евро-2, үлдсэн 17 орчим мянган тонн нь Евро-5 ангиллын шатахуун байна.

Маргааш ОХУ-ын "Роснефть" компаниас есдүгээр сард нийлүүлэх бүтээгдэхүүний үнийн санал ирнэ. Үүний дагуу манай улсын аж ахуйн нэгжүүд "Роснефть", "Газпром", "Енико" зэрэг компаниудад захиалгаа өгч баталгаажуулна. Урьдчилсан байдлаар БНХАУ-аас есдүгээр сард 10 мянган тонн орчим АИ92 авто бензин авахаар тохиролцсон.

Үүнээс гадна Бүгд Найрамдах Солонгос Улсаас 20 мянган тонн авто бензин болон түлш авахаар салбарын сайд очиж тохиролцсон" гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна