Н.Учралын Засгийн газрын зургийг зурах 23 кноп элбэг олдох уу

Zuv.mn
1 цаг 18 минутын өмнө

-Н.Учралын танхимыг хамгаалах кноп дутаж мэдэх нь-

Сөрөг хүчин ууртай байна. Хамтарсан Засгийн газар байгуулалцаад ажил албагүй байсан хүмүүсээ арайхийж албан тушаалд байршуулаад байж байтал эрх баригчид АН-ыг засгаасаа “хөөчихсөн”. Ийн МАН гурав дахь засгийнхаа нүүрийг үзэж буй ч АН-д “чулуу хөөлгөж” өнөөдөрт ирсэн учраас уур ундуйцал нь дээд цэгтээ хүрээд байна.

АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Н.Учралын Засгийн газрыг огцруулахаа хоёр сарын өмнө мэдэгдсэн. Энэ байр сууринаасаа ухрахгүй гэдгээ дахин мэдэгдэж, огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо 41 хүрсэн, хэзээ мөдгүй өргөн барихад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд Н.Учрал энэ оны төсвийг тодотгохоо мэдэгдэх үеэрээ “Улс орнууд аливаа асуудлаа хоосон улстөржилт, зөрчилт, тэмцлээр бус дотоод эв нэгдлээрээ даван туулдаг. Ирэх өвөл их хүйтэн болно. Тиймээс бид дотоод эв нэгдлээрээ, улс төрийн намуудын зөвшилцлөөр давж гарна гэдгийг бусад улс төрийн нам болон ард иргэддээ уриалж байна” гэсэн юм.

Гэсэн ч үүнийг сөрөг хүчин үл хайхран огцруулах гарын үсгийн тоог нэмж цуглуулахаар эрчимтэй ажиллаж, энд тэнд уулзалтууд хийж байгаа аж. Мэдээж АН дангаараа огцруулж хүч хүрэхгүй. Хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг 32 болон түүнээс дээш гишүүн дэмжсэн байх ёстой. Засгийн газрын тэргүүнийг огцруулах санал хуулийн босгоо давсан гэж хэлж болно. Харин УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах санал хэлэлцэгдэхэд 126 гишүүнээс 64 болон түүнээс дээш хүн дэмжсэнээр Засгийн газар огцордог. Сөрөг хүчний 41 гишүүн, нэмээд 23 кноп хэрэгтэй гэсэн үг.

УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй. Сөрөг хүчний акцыг дэмжих гишүүд хэдэн арваараа бий. 2016-2020 онд МАН-ын бүлэг 33/32 гэж хоёр талцаж, М.Энхболдоос Г.Занданшатарт, Ж.Эрдэнэбатаас У.Хүрэлсүхэд засаг төрийн эрх мэдэл шилжиж байв. Тэр үед УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй, нэг сар төрийн ажил гацаж байсан. Өнгөрсөн намар ч энэ нөхцөл байдал давтагдаж байв. Ирэх намар ч улс төр бужигнахаар байна. Төсвийн алдагдал эхний хагас жилийн байдлаар 2.1 их наяд, инфляци 13 хувьд хүрч, шатахууны хомсдол, үнийн нэмэгдэлд олон нийт ч бухимдаж буй. Ядахад өвөл цахилгааны хязгаарлалт хийж магадгүйг Эрчим хүчний сайд мэдэгдчихсэн.  

Ийм үед Н.Учралын Засгийн газар дотоод улс төрөө дааж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Ямартай ч тэрбээр бүлгийн гишүүдтэйгээ учир зүйгээ олъё, хоёр талцаад 38/30 болчихоод байгаа гишүүдээ эвлүүлье хэмээн уулзаж эхэлжээ. Ирэх оны Ерөнхийлөгчийн, цаашлаад 2028 оны сонгуулиа бодвол, засгаа тогтвортой байлгах нь МАН-д хамгийн хэрэгтэй. Нэг нэр, хоёр хоч гэгчээр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн өндөр рейтингтэй хүмүүсийн нэрийг судалгааны байгууллагаас гаргаад тавьчихжээ. Сөрөг хүчний өндөр рейтингтэй улстөрчтэй өрсөлдөхийн тулд МАН-д дотоод эв нэгдэл туйлын чухал байна, энэ цаг үед. Иймийн учир намын дарга, Ерөнхий сайдын хувиар бүлгийн гишүүдтэйгээ уулзаж, эв эеэ хичээцгээе гэж гуйх, аргадахын хооронд ярьжээ. Гэхдээ МАН-ын 68-аас гадна ИЗНН-ын дөрвөн гишүүнд ая тал засах ёстой болж. Эхлээд нам дотроо эв зүйгээ олчихвол ИЗНН-д найр тавих шаардлагагүй ч гэж тооцож. Гэхдээ нам доторх “фракцынхаа” толгойтой тохирч чадахгүй бол Н.Учралын Засгийн газрын зургийг зурах 23 кноп элбэг олдохоор байгаа аж. Олдох нь өлдөхөөсөө хэцүү гэж энэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.158
    13 минутын өмнө

    Учрал сайн ажиллаж байгаа

    Хариулах