Асуудлын мөрөөр: Чанга хашгирсан нь ялагч биш. “Монте Роза” сургуулийн удирдлагууд 600 гаруй хүүхдийн сургалтын төлбөр шамшигдуулж хохироосон уу

Zuv.mn
1 цаг 25 минутын өмнө

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед герман хэлний сургалттай гэгддэг “Монте Роза” сургууль хичээлийн байргүй болж, 600 гаруй хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэх мэдээлэл цацагдаад буй. Манай сурвалжлах баг чухам ямар нөхцөл байдал үүсээд буйг сурвалжиллаа. 

Буруутан нь “Наран трейд” үү, “Монте Роза” юу  

“Монте Роза” сургууль нь 2018 онд байгуулагдсан, нийслэлийн Хан-Уул дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт нэг, нийт гурван салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг аж. Анхаарал татсан асуудал нь Баянзүрх дүүрэг дэхь салбар сургууль дээр гарчээ.  Тодруулбал, тус сургуулийн захиргаа 2024 оны зургадугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн VI хороонд орших сургуулийн зориулалттай барилгыг өмчлөгч “Наран трейд” ХХК-тай 15 жилийн хугацаатай “Түрээсийн гэрээ” байгуулан, үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Гэвч эхний жилдээ л түрээсийн төлбөрөө төлөхгүй байх зэрэг гэрээний үүргийн ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж, хамгийн гол нь гэрээнд заасан түрээсийн төлбөрөө барагдуулахгүй явж иржээ.

Тиймээс хоёр тал харилцан тохиролцож, 15 жилийн гэрээг хүчингүй болгож, 2025-2026 оны хичээлийн жил буюу 10 сарын хугацаатай гэрээг 2025 оны наймдугаар сарын 15-наас 2026 оны зургадугаар сарын 15-ныг хүртэл” шинэ гэрээ байгуулсан аж. 

Гэсэн ч дахиад гэрээний үүргээ биелүүлээгүйгээр үл барам 2026 оны нэгдүгээр сараас хойш түрээсийн төлбөрөө огт барагдуулаагүй байна. Энэ хугацаанд түрээслүүлэч тал түрээсээ төлөхийг удаа дараа хэлсэн боловч огт авч хэлэлцээгүй байна. “Наран трейд” компани уг барилгыг зээлээр барьж, ашиглалтад оруулжээ. Зээлээ төлөх шаардлагатай учраас нөгөө талд эл сургуулийн удирдлагууд гэрээгээ үргэлжлүүлэх сунгах эсэхээ мэдэгдээгүй учраас сургуулийн байраа чөлөөлж өгөхийг хүссэн байдаг. 

Үүний өмнө 10 сарын хугацаатай шинээр байгуулсан гэрээний 1.2 дугаар зүйлд “2024 оны зургадугаар сарын 4-нд байгуулсан өмнөх гэрээг талууд дүгнэж, дуусгавар болгосон, өмнөх гэрээний нэг ч заалт энэ шинэ гэрээнд үйлчлэхгүй” хэмээн онцолжээ. Өөрөөр хэлбэл, түрээслэгч тал итгэл алдсан тул түрээслүүлэгч “Наран трейд” ХХК урт хугацааны гэрээнээс татгалзаж, нэг хичээлийн жилээр гэрээлэх хувилбарт шилжсэн байна. Гэсэн ч гаргаад явуулчихалгүй нэг удаа боломж өгчээ. 

Зураг: 2025 оны наймдугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээ 

Зураг: 2025 оны наймдугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний 1.2 

Гэтэл “Монте Роза” сургууль түрээсээ төлөх үүргээ дахин ноцтой зөрчсөн тул “Наран Трейд” ХХК Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг Шүүх хангаж, 2026 оны тавдугаар сарын 26-нд  “Монтэ Роза” сургуулийн дансыг “Наран трейд” ХХК-д төлөх ёстой түрээсийн төлбөрийн хэмжээгээр битүүмжилсэн байна. 

Зураг: Шүүхийн шийдвэр 

“Монте Роза”-гийн захирал Р.Эрдэнэ-Очир шинэ биш хуучин гэрээгээ шүүхэд өгч, маргаан үүсгэжээ Ингэсээр 2026 оны зургадугаар сарын 15 болж, хоёр талын 2025 оны наймдугаар сарын 13-нд байгуулсан 10 сарын хугацаатай түрээсийн гэрээ дуусаж, “Наран трейд” ч “10 хоногийн дотор байр суллаж өгөх шаардлага”-ыг “Монте роза” сургуульд бичгээр өгчээ. 

Зүй нь, “Монте роза” сургууль, захирал Р.Эрдэнэ-Очир энэ үед сургуулийн байрыг суллаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дараагийн байраа хайж эхлэх ёстой байв. Хоёр сар хагас бол тийм ч бага хугацаа биш. Өөр байр хайж олох, эс бөгөөс түрээсийнхээ төлбөрийг төлж, шинээр гэрээлэх боломжоо үүсгэхэд хангалттай хугацаа. 

Гэтэл “Монте Роза” сургууль энэ тал дээр хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тэр байтугай, 2024 оны зургадугаар сарын 4-ний хүчингүй болсон гэрээг Шүүхэд аваачиж өгөн “Гэрээ хүчин төгөлдөр болохыг баталгаажуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан аж. 

Ингэхдээ, уг гэрээг хүчингүй болгосон 2025 оны наймдугаар сарын 13-ны гэрээг өгөлгүй нуун дарагдуулсан ноцтой үйлдэл гаргасан байна. 

Улмаар байр суллах шаардлага өгснөөс хойш буюу 2026 оны зургадугаар сарын 15-наас хойш буюу "Наран трейд" ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ дууссаны дараа сургуулийн байран дээр элсэлт авч хүүхдүүдийг бүртгэж, “Бид түрээсийн төлбөрөө бүрэн төлсөн төдийгүй 500 сая төгрөг илүү төлсөн”, “Сургуулийн тохижилтыг хийсэн байхад ачиж авч явсан” гэх зэрэг худал мэдээлэл тараан эцэг, эхчүүдийг төөрөгдүүлжээ. 

Үнэндээ бол түрээсийн төлбөр төлөгдөөгүй хэвээр, мөн сургуулийн тохижилтыг “Наран трейд” ХХК өөрсдөө хийж гүйцэтгэсэн аж. Тодруулбал, сургуулийн барилга, тохижилтыг “Наран трейд“ ХХК хөрөнгөө гаргаж хийсэн бөгөөд түрээслэгч тал ширхэг хадаас ч гаргаагүй аж. Өөрөөр хэлбэл, “Монте Роза” сургуулийн захирал Р.Эрдэнэ-Очирын эцэг, эхчүүдэд тарааж буй “Түрээслэгчээр тохижилт хийлгээд хөөж гаргасан” гэдэг нь худлаа ажээ. 

“Монте Роза” сургуулийн гүйцэтгэх захирал Р.Эрдэнэ-Очир мөн хэвлэлд “Түрээслэгч тал үнээ нэмсэн” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Тэгвэл “Наран трейд” ХХК өмнө нь зах зээлийн үнээс хямд түрээс тогтоосон, түүнээс хойш үнэ нэмэх талаар огт яригдаагүй хэмээн няцааж байна.    

Харин эцэг, эхчүүдийн төлөөлөл  “Сургалтын төлбөрөө урьдчилж төлдөг, нэг байтугай хоёр жилээр урьдчилж төлсөн хүүхэд олон бий. Жилийн төлбөр нь 9.5 сая орчим байдаг, Энэ жил төлбөр нь нэмэгдэнэ гэсэн” гэдэг мэдээллийг бидэнд өгсөн юм. 

Эндээс нэг асуулт гарч байна. “Монте роза” сургууль 600 хүүхдийн төлбөрөө яасан бэ. Хувийн сургууль гэдэг бол хүнд ажил хийж өгөөд дараа нь хөлсөө авдаг биш, эхэлж хөлсөө аваад дараа нь үйлчилгээгээ үзүүлдэг бизнес. Төлбөрөө тогтоохдоо л түрээсээ тооцож, эрсдэлийг тооцоолох бүрэн боломжтой. Бүтэн жилээр биш, хагас жилээр авдаг бол түрээсийн гэрээндээ хоёр хувааж төлөх талаар тусгах ч боломжтой. Гэтэл тэгээгүй. 

Хөндлөнгөөс харахад, цэвэр “Монте Роза” сургуулийн өөрсдийнх нь хариуцлагагүй байдал. Энэ хариуцлагагүй байдлаас болж хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, эцэг, эхчүүд, түрээслүүлэгч компани гээд олон оролцогч хохирох нөхцөл үүссэн нь харамсалтай.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.43
    2 минутын өмнө

    Түрээсийн төлбөрөө тухай бүр нь төлөөд яваагүйгээс олон хүүхэд хохироож болохгүй. Сургалтын төлбөр нь зардалдаа хүрсэнгүй юу???

    Хариулах