П.Зохихсүрэн: БЗС-гаас 1692 суралцагчийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Zuv.mn
1 цаг 58 минутын өмнө

Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга И.Пүрэвцогт их, дээд сургуулиудын элсэлт, сургалтын төлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Их сургуулийн хичээл есдүгээр сарын 16-наас танхимаар хичээллэнэ. Энэ хичээлийн жилд 44 орчим мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгсөн. Төрийн өмчит сургуулиуд 84 хувь, хувийн өмчийн сургуулиудын элсэлт 70 хувийн элсэлтийн гүйцэтгэлтэй байна. Сургалтын төлбөр дунджаар 5.4 сая төгрөг байна” гэв.

Сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл, хөнгөлөлтийн талаар Боловсролын зээлийн сангийн захирал П.Зохихсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Боловсролын зээлийн сангаас дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагсдад тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, төлбөрийн хөнгөлөлт зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Боловсролын зээлийн сангаас 2026 оны эхний зургаан сард их, дээд сургуулиудад олгосон хяналтын тоонд багтсан суралцагсдын санхүүжилтыг бүрэн олгосон. Энэ квотод багтаж чадаагүй багш, ажилчдын нэг хүүхдийн сургалтын төлбөрийг шийдвэрлэх чиглэлийг Боловсролын яамнаас өгсөн. Энэ хүрээнд 506 суралцагчийн 1.46 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр болсон. Мөн орон нутагт эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр болон багш мэргэжлээр суралцаж байгаа 1692 суралцагчийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтыг боловсролын зээлийн сангаас олгохоор болсон. 2026 онд сургуулиа төгссөн 502 суралцагчийн 1 тэрбум орчим төгрөгийг мөн шийдвэрлэхээр болсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ, политехникийн коллежид 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажилчдын нэг хүүхдэд тэтгэлэг олгоно. Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа хүүхдэд олгохоор мөн тусгагдсан” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна