Десикаци гэдэг нь ургац хураалтын өмнө таримлын чийгийн агууламжийг бууруулж, ургамлыг богино хугацаанд хатаах болон бордоо, гербицидийн тусламжтайгаар болцыг жигдрүүлэх үйл явц юм.
Десикаци хийхэд ургамлын ногоон эдэд хурдан үйлчилдэг контактны буюу шүргэлцэх үйлчилгээтэй тухайлбал дикват агуулсан бодис (Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/179, А/45, А/55 тушаалын хавсралтад заасан)-ыг хэрэглэж байна. Дикват нь ургамлын навчны гадаргууд үйлчилж, чийгийг хурдан бууруулдаг. Ургамлын физиологийн үйл ажиллагаа саарч фотосинтез нь зогсдог.
Навчинд очих тэжээлийн бодис зогсож, навчинд үлдсэн шим тэжээлийн бодисын нөөц нь үрэнд шилждэг. Навч, иш чийгээ алдаж, хатсанаар ургац хураалтын ажлыг хөнгөвчилнө. Ингэснээр хураалтын үед алдагдлыг бууруулж, үр ашиг болон бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад нөлөөлнө.
Дикват агуулсан бэлдмэлийг хэрэглэхийн өмнө тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн заавартай танилцаж шошго, хэрэглэх заавар болон зөвлөмжийн дагуу хэрэглэх шаардлагатай.
Дикват агуулсан бэлдмэл хэрэглэснээс хойш:
•Төмсийг 7-12 хоногийн дараа;
•Үр тариа, тосны ургамлыг 5-7 хоногийн дараа хураана.
Таримал тус бүрд бэлдмэл хэрэглэх горим:
Үр тарианд:
Суховей- Үрийн чийг 30%-иас ихгүй болоход шүршинэ. Хэрэглэх тун 1,5-2,0 л/га. Шүрших шингэний зарцуулалт: 100-300 л/га, агаараас шүршихэд: 50-100 л/га.
Реглон супер- Үрийн чийг 30%-иас ихгүй болоход шүршинэ. Хэрэглэх тун 1,5-2,0 л/га. Шүрших шингэний зарцуулалт: 200-300 л/га, агаараас шүршихэд: 50-100 л/га байна.
Төмсөнд:
Суховей- Төмсний булцуу сууж дуусах ба хальс зузаарах үед шүршинэ. Хэрэглэх тун 2,0 л/га. Шүрших шингэний зарцуулалт: 100-300 л/га,
Реглон супер: Төмсний булцуу сууж дуусах ба хальс зузаарах үед шүршинэ. Хэрэглэх тун 2,0 л/га. Шүрших шингэний зарцуулалт: 200-300 л/га байна.
Тосны ургамалд:
Суховей- Ургамлын хонхорцог болон үр хүрэнтэх үед шүршинэ. Хэрэглэх тун 1,5-2л/га. Шүрших шингэний зарцуулалт: 100-300 л/га, агаараас шүршихэд: 50-100 л/га,
Реглон супер: Ургамлын хонхорцог болон үр хүрэнтэх үед шүршинэ. Хэрэглэх тун 1,5-2л/га. Шүрших шингэний зарцуулалт: 200-300 л/га, агаараас шүршихэд: 50-100 л/га байна.
АНХААРАХ НЬ: Дикватыг хэрэглэх хугацаа, тун хэмжээ болон хураалт хүртэлх хүлээлгийн хугацаа нь бүтээгдэхүүний найрлага, таримлын төрөл, хэрэглэх нөхцөлөөс хамааран ялгаатай байж болно. Иймд тухайн бэлдмэлийн хэрэглэх зааварт заасан шаардлагыг чанд мөрдөж, зөвшөөрөгдсөн таримал, тун хэмжээ, тохиромжтой хугацаанд хэрэглэхийг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна