Японы 90 кг-ын жүдоч Косүкэ Машияма Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний талаар мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр Япны хэвлэлүүдэд гарчээ.
Мэдээлэлд Косүкэ Машияма олимп, дэлхийн дэвжээнд дээгүүр өрсөлдөх хүсэл өвөртлөн Монголын иргэншил авч байгаа бөгөөд олимпын аварга болно гэсэн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар дурджээ.
Тэрбээр шийдвэрийнхээ талаар “Би Монголын иргэншил авч, Монголын төлөөлөл болж дэлхийн тавцанд өөрийгөө сорихоор шийдсэн. Энэ бол зөвхөн жүдогийн карьер бодож гаргасан шийдвэр биш. Жүдогийн карьер болон амьдралынхаа үлдсэн хэсгийг бодолцож, хариуцлагатайгаар гаргасан шийдвэр.
Хэдийгээр надад Монгол үндэс угсаа байхгүй ч оюутан байх үеэсээ үргэлжлүүлсэн холбоо харилцааны ачаар Монголын жүдогийн холбоо надад шинэ сорилттой тулгарах боломжийг олгосон. Монголтой холбоотой олон хүмүүстэй уулзаж, тэд асуудалд нухацтай хандсанаар би “Монголыг төлөөлж дэлхийн шилдэг болох” гэсэн баттай шийдвэр гаргасан.
Би Японд Япон эцэг, эхийн гэр бүлд төрж, Японы жүдогоор хүмүүжсэн. Замналынхаа турш учирсан дасгалжуулагч, багийнхан, дэмжигчидгүйгээр би өнөөдрийн энэ түвшинд хүрэхгүй байсан. Тийм ч учраас энэ шийдвэр бол Японд ургуулсан бүхнээ авч явж, дэлхий ертөнцөд сорих шийдвэр юм. Би энэ шийдвэрийг гаргах гэж шаналсан, амар байгаагүй.
Гэхдээ одоо би шийдсэн. Өөрт байгаа өгөгдөл, сурсан арга мэхээ ашиглаад дэлхийн оргилд гарахыг дахин зорино. Би дэлхийн аварга болно. Би олимпийн аварга болно. Тийм ч учраас би энэ замыг сонгосон. Мэдээж, энэ бүхэн амаргүй, сорилтууд байгаа. Гэсэн ч би энэ сорилтыг даван туулж дэлхийн оргилд зогсох болно. Би Япон, Монгол, дэлхийг холбосон гүүр болно" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна