Засгийн газар ногдол ашиг авах хугацаагаа 1-2 жилээр хойшлуулж, 3-6 их наяд төгрөгийг “Рио Тинто”-д бэлэглэчихэв үү

Х.Батсайхан
1 цаг 58 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Саймон Тротт нар өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл хийж, Оюутолгой төслийн ногдол ашгийг 2027 оноос Монголын талд хуваарилахаар хамтарч ажиллах болсон гэж мэдэгдэв.

"2026 ондоо багтаан ногдол ашиг авах шаардлага" тавиад байсан Монголын тал байр сууринаасаа ухарч, багаар бодоход нэг жилээр хойшлуулсан нь энэ мэдэгдлээр ил болов.

Тодруулбал, Г.Занданшатар Засгийн газрыг тэргүүлж байхдаа:  

1. “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх,

2. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах,

3. Менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах,

4. Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах,

5. “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх гэсэн маш тодорхой таван шаардлага тавьсан байдаг.

Харин Г.Занданшатараас Ерөнхий сайдын албыг шилжүүлж авсан Н.Учрал баасан гарагийн шөнө хийсэн мэдэгдэлдээ “Оюутолгой төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо” гэж хэллээ.

Түүнтэй хамт сууж байгаад мэдэгдэл хийсэн “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал бүр ногдол ашиг хуваарилна ч гэсэнгүй, “Оюу толгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд “Рио Тинто” хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна” гэж хэлэв.

Эндээс “Монголын талын ногдол ашиг авах шаардлага багадаа нэг жилээр ухарчээ” гэж дүгнэхэд болохоор байгаа юм. Түүнчлэн, 2027 оноос ногдол ашиг хуваарилна гэсэн нь 2028 онд манайд юм олдож магадгүй гэсэн үг ч байж болно. Өөрөөр хэлбэл, 2026 оны ашгаас ногдол авахаар бол түүнийгээ 2027 онд авна. Харин 2027 оны үйл ажиллагааны ашгаас ногдол авах бол 2028 онд орж ирнэ.

Энэ хооронд “Рио Тинто” Оюутолгойн ашгийг бага байлгах арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, хүү буулгах, ногдол ашиг авахаас илүү компанийн үйл ажиллагааны ил тод байдал, хяналт чухал боллоо гэсэн үг.

Мөн, ногдол ашиг хэд байхыг урьдчилж хэлэх аргагүй нөхцөл байдал үүсэж байна. Ер нь Оюутолгойгоос хэдий хэр ногдол ашиг авах талаар дээд түвшинд хэн ч байр суурь илэрхийлээгүй байгаа. Сангийн сайд З.Мэндсайхан л “Гурван их наяд, түүнээс илүү ч байж магадгүй” гэж дуугарсан. Ингэж тооцвол, Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нарын баримталж байсан “2026 онд багтаан Монголын талд ногдол ашиг хуваарилах” хатуу шаардлагаас ухарснаараа Н.Учралын Засгийн газар дор хаяж гурван их наяд, цаашлаад зургаан их наяд төгрөгийн ногдол ашиг авах боломжийг алдсан уу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар Сангийн сайд асан Б.Жавхлангийн мэдэгдсэж байсан Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг "эрс бууруулах" шаардлага яагаад эрс биш буурсан, 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах шаардлага юу болсон зэрэг асуултуудад хариулах шаардлага бий болжээ. Үгүй бол ямар ч асуудлаар тохиролцоонд хүрээгүй байж бүрэн тохирсон мэтээр мэдээлэл хийхээ болимоор байна.   

  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.52
    16 минутын өмнө

    Илүү муйхарласан нь илүү мундаг гэсэн үг огт биш!!! Занданшатар сайндаа ч ОТ эсрэг архиран дайраад байсан юм биш, Кремльд Путинтэй уулзаж оросоор ярьж балайрсны дараа л шантаажчин шиг улайран дайрдаг болсон??!!

    Хариулах
    • 103.212.116.60
      5 минутын өмнө

      2027 онд Монголд ногдол ашиг өгөхгүй, өгөх талаар ажиллахыг Рио Тинто ч биш Саймон Тротт би өөрөө баталж байна гэнэ ээ. Энэ нөхрийг халчихвал яах вэ. Рио Тинто 200 жилийн түүхтэй, Муйхарлах юу ч биш, цус ч урсдаг юм, тэрнээс ч эс юм болдог юм. Тэгж байж өгөөжөө өсгөдөг юм