ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: Оюутолгойгоос хэзээ ногдол ашиг авах вэ

Х.Батсайхан
50 минутын өмнө

Монгол Улс Оюутолгой төслийг хамтран хэрэгжүүлэгч “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийж, энэ онд ногдол ашиг авах асуудлыг тавиад байсан билээ. Гэвч Г.Занданшатарын Засгийн газрын баримталж байсан дээрх байр суурь өөрчлөгдөж, 2027 оноос ногдол ашиг авах тал дээр хамтарч ажиллахаар болсон гэдгийг Рио Тинто группын гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Н.Учралтай уулзахдаа илэрхийлсэн байдаг.

Энэ асуудлаар хэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. 

Н.Учрал: Оюутолгой төслөөс авах ноогдол ашгийг 2027 оноос хуваарилахаар… тохирлоо

/Монгол Улсын Ерөнхий сайд/

Оюутолгой төслөөс авах ноогдол ашгийг 2027 оноос хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо. Манай улстай тогтвортой, урт хугацаанд шударгаар хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа нотлон харуулж, сайн түншийн ёсоор сэтгэл гарган ажилласан “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Саймон Тротт болон танай хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлс, хамтын ажиллагаанд амжилт хүсэж байна.

 

Саймон Тротт: “Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд “Рио Тинто” хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна

/“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал/

“Эрхэм Ерөнхий сайд таныг өнөөдөр биднийг халуун дотноор хүлээн авсанд

талархал илэрхийлье. Мөн түүнчлэн илэн далангүй, ажил хэрэгч санал

солилцсонд баярлалаа.

Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын

ажиллагааг энд онцолмоор байна.

Өнөөдөр бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ.

- Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа.

- Менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа.

Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн.

Бид өнөөдөр мөн Оюу толгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа.

Оюу толгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто

хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ.

Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаан дээр суурилсан эдгээр санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж, Оюу толгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран зүтгэх болно.

Эрхэм Ерөнхий сайд аа, танд болон танай хамт олонд дахин талархал илэрхийлье.

Монголын ард түмэнд маш их баярлалаа”

 Э.Баясгалан: Саймон Тротт “2027 онд ногдол ашиг тараах талаар хамтарч ажиллана гэж хэлээд Монголчуудад хэзээ, хэдий хэмжээний ногдол ашиг өгөх талаар жинхэнээсээ ямар ч гэрээ, эрх зүйн хариуцлага хүлээлгүй, "Рио Тинто"-г эрсдэлээс хамгаалж би чадлаа” гэлээ…

/“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан/

Саймон Тороттын хэлсэн үгийг утгачилбал "Бүхэл бүтэн тусгаар Монгол Улсын Ерөнхий сайдыг, кабинетийн сайд нартай нь баасан гаргийн үдэш, ажлын бус цаг, шөнө дөлөөр буулгаж авч чадлаа" гэнэ ээ

"Рио Тинто"-гийн захирал Саймон Троттын хэлсэн үгний талаар "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан өөрийн тайлбараа бичжээ.

Тэрбээр "Саймон Троттын өчигдөр хэлсэн үгийг үгчилж биш утгачилж ойлгох нь:

1. Бүхэл бүтэн тусгаар Монгол Улсын Ерөнхий сайдыг, кабинетийн сайд нартай нь баасан гаргийн үдэш, ажлын бус цаг, шөнө дөлөөр буулгаж авч би чадлаа

2. Өчүүхэн төдий хэлэлцээрийн үр дүнг маш том амжилт хэмээн молиго үмхүүлж, "Рио Тинто"-гийн байр суурь, эрх ашгийг хамгаалж би чадлаа

3. 2027 онд ногдол ашиг тараах талаар хамтарч ажиллана гэж хэлээд Монголчуудад хэзээ, хэдий хэмжээний ногдол ашиг өгөх талаар жинхэнээсээ ямар ч гэрээ, эрх зүйн хариуцлага хүлээлгүй, "Рио Тинто"-г эрсдэлээс хамгаалж би чадлаа

4. Эцэст нь 17 жил Монголын ард иргэд болон Монголын улс төрчдийг төөрөгдүүлж, хуурч, доромжилж "Рио Тинто" чадсаар ирсэн билээ. Чаддаг юманд арга байхгүй л дээ гэнэ ээ". 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна