Ерөнхий сайд Н.Учрал 30-ийг сүрдүүлэхийн тулд С.Амарсайханаар "туг тахиж", Т.Аубакир хоморгонд явах уу

Zuv.mn
1 цаг 45 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал ихэвчлэн албан ёсны мэдээлэл оруулдаг хувийн пэйж хаягтаа “Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй” гэж бичжээ. Удалгүй ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Эзгүй хойгуур хүний үнэргүй “гүжир гүтгэлгээр” сенсаац дэгдээдэг нь бүр хэвшил, мэргэшил болох нь ээ.

Долдугаар сард хойд хил дээр ажиллаж явахад яаж гүтгэж байлаа! Одоо эх орныхоо баруун хязгаарт томилолтоор ажиллаж байна. Эргэж очоод олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж, яригдаж байгаа асуудлуудын талаар баримт, бодит мэдээлэлтэй нь тайлбар өгнө.

Хэн юу гэж бичсэнээр биш, хэзээ, юу, яаж өрнөснийг баримтаар ярих цаг нь болж..." хэмээн хариу барьсан.

Үүнээс үүдэлтэйгээр "Намрын улс төр халах нь" гэдэг сэдэв трэнд болоод байна. 

Тодруулбал, Н.Учралын эл бичвэрийг Ерөнхийлөгчийн талынхан нам доторх цөөнхдөө хандаж, "Та нарыг Засгаас хөөчихөж  чадна шүү" хэмээн аархсан үйлдэл гэж харж байгаа бөгөөд С.Амарсайханыг төдийгүй Ц.Сандаг-Очир, Ж.Алдаржавхлан тэргүүтэй цөөнхийн талын сайд нарт бүгдэд нь хамаатай үг хэмээн орчуулж буй. 

Түүнчлэн, Ерөнхий сайдын эл гал асаасан мэдэгдлийн доор С.Амарсайханаас илүү Т.Аубакирыг явуулж өгөхийг хүссэн сэтгэгдэл олон байгаа бөгөөд манай улстөрчид сошиал дагаж шийдвэр гаргадгийг бодолцвол Т.Аубакир хомрогонд нь явчих ч магадлал байгаа бололтой. 

Ерөнхий сайд эл нүүдлээ удган Б.Булнай гэгчийг өмгөөлсөн маягаар эхлүүлж буй. Удган Булнай гэгч нь “Улс төрийн өндөр албан тушаалтан дагавар охиноо хүчирхийлж, жирэмсэн болгосон. Охин нь миний үйлчлүүлэгч, зовлонгоо уйлаад ярьсан” гэсэн утгатай мэдээллийг өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтийн сүлжээнд тараасан гэх бөгөөд дөрвөн сарын дараа “Булнайгийн яриад байгаа хүн чинь Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан шүү дээ” гэдэг чиглүүлэг сошиал орчинд зохион байгуулалттай гэмээр тарсан байдаг.

Гүтгүүлсэн С.Амарсайхан Цагдаагийн байгууллагад иргэний хувиар гомдол гаргаж, Цагдаагийн байгууллага шалгахад хамгийн сонирхолтой нь Б.Булнай залруулга хийхээс татгалзсан бололтой. Хэрэг үүсгүүлсэн, сүүлд хүчээр залруулга хийсэн гэж мэдэгдэж байгаагаас нь тэгж ойлгогдож буй. 

Үнэхээр нэг улстөрч дагавар охиноо хүчирхийлж жирэмсэн болгоод, тэр охин нь Б.Булнайд эл явдлаа ярьсан байж болохыг үгүйсгэхгүй. Тэр түүхийг Б.Булнай сэрэмжлүүлэг маягаар олон нийтэд цацсан байлаа гэж бодъё. Энэ бол Б.Булнайн яриад байгаа тэр улстөрч С.Амарсайхан биш гэсэн үг. Гэтэл С.Амарсайханыг сошиалд шарж байх үед Хөвсгөл рүү явсан, дараа нь “Хүчээр залруулга хийсэн” гэж мэдэгдсэн зэрэг нь Б.Булнай албаар энэ хэргийг олон нийтийн анхааралд байлгаад байна гэсэн хардлага төрүүлж байгааг ч энд дурдах ёстой.  

Энд анхаарах ёстой нэг өнцөг байгаа нь, удган Б.Булнай нь Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой, төсвийн мөнгөнөөс хамаарал бүхий этгээдүүдийнхээ компанид хуваарилсан гэх асуудал дэгдэхтэй зэрэгцээд “Намайг хүчээр мэдэгдэл хийлгэсэн” гэж мэдэгдээд, Ерөнхий сайд Н.Учрал өмөөрч мэдэгдэл хийхдээ Хууль зүйн сайдыг дурдсан явдал бөгөөд энэ асуудал улс төртэй холбоотой байж болохыг харуулж буй.

Магадлал бага, гэхдээ Н.Учрал үнэхээр 30-ийн бүлэгтээ шүдээ үзүүлье гэвэл С.Амарсайханыг огцруулж харуулах эрх мэдэл бий. Харин хоморгонд нь Т.Аубакир явчих магадлал бас байгаа харагдана. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    41 минутын өмнө

    ХУУЛТ ЗҮЙН САЙДААР Б.ЭНХБАЯРЫГ ТАВИХ

    Хариулах