УИХ-ын гишүүн Г.Лувсанцамцаас ирэх жилийн төсвийн талаар тодрууллаа.
-Та 2027 оны төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Зардлаа маш их хэмжээгээр нэмэгдүүлж орж ирсэн гэж бодож байна. Зардал нэмэгдэнэ гэдэг бол татвараа их авна л гэсэн үг. Ерөний сайд болон, хэрэг эрхлэх газрын сайд нарын зүгээс төрийн өмчит компаниудын ногдол ашгийг улсын төсавт тусгадаг болж байгаа гэсэн сайн талыг ярьж байгаа. Би хувьдаа дэмжиж байгаа.
Гэхдээ манай төрийн өмчит компаниуд голдуу уул уурхайн компани байдаг. Уул уурхайн борлуулалт хэр байхаас хамаарна гэдэг нь төсөв илүү эмзэг байдалд хүрч эрсдэл үүснэ гэж харж байна. Илүү нарийн танилцаж боломжтой шийдэл юу байгааг харж , түүнийг нь хэлэлцээд явна гэж бодож байна.
-Энэ долоо хоногт улс төрд нэлээн өрнүүн үйл явдал болох юм шиг байна. Танай намын дотоод асуудал ямар байгаа вэ. Өнөөдөр 09.00 цагт хуралдах байсан бүлэг хуралдаж чадсангүй. Нөгөө талаараа Ардчилсан намынхан Засгийн газрыг огцрох асуудлыг хөндөнө гэсэн асуудал байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Ямар үндэслэлээр огцруулах вэ гэдэг нь надад одоогоор байхгүй байна. Үнэхээр Засгийн газрыг огцруулах үндэслэл байгаа бол тодорхой тайлбарлах ёстой гэж бодож байна.
-Хууль зүйн сайдыг асуудал яригдаж байна. Үүнтэй холбогдуулан амралтын өдрөөр Ерөнхий сайд байр сууриа илэрхийлсэн. Удган эмэгтэйтэй ял наймаалцсан бичлэг задарсан байсан. Энэ тал дээр?
-Би тийм зүйл хараагүй байна.
-Танай бүлгийн дотоод уур амьсгал ямар байгаа вэ?
-Миний хувьд бүлгийн дотоод асуудал эвтэй байгаа. Засаг огцруулна гэж ярьж байгаа хүмүүсийг харахад, Н.Учрал Ерөнхий сайдын Засгийн газар байгуулагдаад таван сар болох гэж байна. Арай л их сандал суудал ярих гээд байгаа юм биш үү, хийх ажил их байна. Гадаад орчныг хэн ч ярихгүй байна. Дизель түлшний үнэ өснө гэж яриад байна. Одоо ургац хураалтын цаг болчихоод байна.
-Өвөл махны үнэ хэдэн төгрөг болох вэ, энэ нь өөрөө инфляцид хэрхэн нөлөөлөх вэ гэх мэт хийх ажил их байхад сайд болох гэсэн ч гэдэг юм уу, эсвэл ирэх жилийн Ерөнхийлөгчид хэн нэгнийг бэлдээд байгаа гэх мэт мэдээллүүд их гарч байна гэж бодож байна. Хувийн санал, асуудал ярих биш төсвийн тодотгол, ирэх жилийн төсвөө илүү сайн ярилцаад явах нь УИХ-ын гишүүдийн үүрэг болов уу гэж бодож байна.
-Утаатай холбоотой ямар санал тусгагдсан байна вэ? Эрчим хүч дээр нэг их наядыг тусгасан байсан. Энэ тал дээр ямар мэдээлэлтэй байна вэ?
-Утааг бууруулах гол шийдэл нь сэргээгдэх эрчим хүч болон сайжруулсан түлш. Энэ удаад дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилго тавиад төсөвт тусгаж байгаа юм байна лээ. Миний хувьд ганц л байр суурьтай байдаг. Юм шатаж л байвал утаа гарна. Эхлээд дулаалгаа дэмжих буюу ногоон зээлийн эрхзүйн орчин сайжирсан байгаа учраас үүнийгээ улсын төсвөөрөө дэмжих байр суурьтай байгаа. Үүнийг цаашдаа ч туушай баримтлаад явна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна