“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна.
Уг сонсголын талаар байнгын хорооны дарга М.Мандхайгаас тодрууллаа.
Тэрбээр "Сүүлийн 18 жилийн хугацаанд буюу 2008 оноос хойш төрөөс малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүдэд гурван хэлбэрээр дэмжлэг үзүүлж ирсэн. Үүнд төрийн дэмжлэг, урамшуулал болон зээлийн хүүгийн татаас багтаж байна. Эдгээр нь санхүүгийн мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хэрэгжиж байгаа.
Өнөөдрийн буюу есдүгээр сарын 28-ны өдрийн сонсгол төрийн дэмжлэг, урамшууллын хэрэгжилт, үр дүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Шинжээчид өөрсдийн хүссэн мэдээллийн дагуу ирүүлсэн материалд үндэслэн дүн шинжилгээ хийсэн. Мэдээлэл хязгаарлагдмал байсан ч ирүүлсэн баримтууд нь холбогдох байгууллагуудын тамга, тэмдэгтэй, албан ёсны материалууд учраас тодорхой хэмжээнд нотолгоонд суурилсан гэж үзэж байгаа.
Шинжээчдийн дүгнэлтэд дурдсанаар төрөөс малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй дэмжлэгийг хэд хэдэн хэлбэрээр хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, газар тариалангийн салбарт дэмжлэг үзүүлэх, гаалийн болон татварын хөнгөлөлт олгох зэрэг арга хэмжээнд нийт 1.1 их наяд төгрөг зарцуулсан байна.
Гэтэл энэ дэмжлэгийн үндсэн зорилго нь салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, малчид, тариаланчдын орлогыг өсгөх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өрхийн бизнес эрхлэгчдийн амьжиргааг сайжруулахад чиглэж байсан. Харин эдгээр зорилт бодитоор хэрхэн биелсэн талаарх мэдээлэл өнөөдрийн байдлаар хангалттай танилцуулагдсангүй.
Макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад 2010 оноос хойших 15 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажиллах хүчний тоо 31 мянгаар буурсан байна. Мөн төрийн дэмжлэгийн нэг гол зорилго болох импортын хамаарлыг бууруулах зорилт ч хангалттай хэрэгжээгүй. Өнөөдөр импорт экспортын хэмжээнээс 5.6 хувиар давсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 15 жилийн хугацаанд импортын хамаарлыг бууруулж чадсангүй.
Бид өнөөдөр төрөөс олгосон урамшууллын бодит үр дүнг хэлэлцэх ёстой. Тухайлбал, газар тариалангийн салбарт нэг га-гаас авах ургацын хэмжээ бодитоор нэмэгдсэн үү, салбарын ажиллах хүч өссөн үү, дэмжлэгт хамрагдсан аж ахуйн нэгжүүд улсын төсөвт хэдий хэмжээний татвар төвлөрүүлсэн бэ, нийгмийн даатгал төлөгчдийн тоо нэмэгдсэн үү гэдэг асуудлыг авч үзэх шаардлагатай.
Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас танилцуулсан мэдээлэлд эдгээр үр дүнг бодитойгоор харуулсан үзүүлэлтүүд алга. Зөвхөн зарцуулсан хөрөнгө, хамрагдсан талбай зэрэг хангалтгүй мэдээлэл танилцуулж байна. Зарим тохиолдолд зөвхөн 2025 оны гүйцэтгэлийг дурдсан нь 2008 оноос хойших 18 жилийн хугацааны үр дүнг үнэлэхэд хангалтгүй юм.
Шинжээчид 2008 оноос хойших 18 жилийн хугацаанд байгуулсан зээлийн гэрээ, сайд нарын тушаал, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гурвалсан гэрээ болон санхүүжилтийн хуваарилалтын талаарх мэдээллийг холбогдох хавсралтын хамт гаргаж өгөхийг хүссэн. Гэвч бодлогын яам эдгээр материалыг бүрэн ирүүлж чадаагүй.
Иймд шинжээчид Монголбанк, Сангийн яам, Архивын ерөнхий газар, Үндэсний аудитын газар зэрэг бусад байгууллагаас авсан баримт, тухайн үед хийгдсэн хяналт шалгалтын тайлангуудад үндэслэн дүн шинжилгээ хийсэн. Эдгээр нь албан ёсны баримт бичиг тул шинжээчдийн дүгнэлтийг ач холбогдолтой гэж үзэж байна.
Төрийн дэмжлэгийн хамрах хүрээг авч үзвэл урамшуулалд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжийн тоог нэгтгэн тооцоход нийт хүн амын гуравны нэг орчим буюу 1 сая 50 мянган хүн хамрагдсан гэсэн мэдээлэл бий. Мөн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжүүд ч байна.
Гэхдээ энд зөвхөн хэдэн төгрөгийн дэмжлэг олгосон, хэдэн хүн хамруулсан тухай ярихаас илүүтэйгээр тухайн дэмжлэг ямар үр дүн авчирсныг авч үзэх нь чухал. Төрөөс нийт 1.1 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлсэн ч малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого бодитоор нэмэгдсэн үү, салбарын бүтээмж өссөн үү гэдэг асуултад хариулт өгөх шаардлагатай.
Тухайлбал, төрөөс мал аж ахуй, газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж, үр, бордоо нийлүүлж, хөнгөлөлттэй зээл олгож, зарим техник, тоног төхөөрөмжийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгч байна. Мөн гадаадаас мал худалдан авч нийлүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ хэрэгжүүлжээ.
Эдгээр дэмжлэг нь үйлдвэрлэлийн өртгийг бууруулж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, улмаар салбарын бүтээмжийг өсгөх зорилготой. Гэвч ийм хэмжээний дэмжлэг үзүүлсний дараа үйлдвэрлэл нэмэгдсэн үү, бүтээмж өссөн үү, ажлын байр олширсон уу, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нэмэгдсэн үү гэдгийг бодит тоон үзүүлэлтээр нотлох хэрэгтэй.
Бид өнөөдрийн ерөнхий сонсголоор яг энэ үр дүнг нэхэж, төрөөс олгосон дэмжлэгийн үр өгөөжийг бодитоор үнэлэхийг зорьж байна. Иргэд ч мөн энэ асуудалд анхаарал хандуулж байгаа болов уу гэж бодож байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна