Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатаас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр "Тодорхой асуудлуудаар сонсгол хийх хууль эрх зүйтэй болсон. УИХ-аас хэд хэдэн сонсголууд зохион байгуулагдаж байна. Ил тод байх, хүртээмжтэй байх гэдэг утгаар нь авч үзвэл зөв гэж харж байна. Сонсголд оролцож байгаа гишүүдээс малчид, тариаланчдын төлөөлөл сонирхсон асуултаа асууж байгаа.
2008 оноос 2025 он хүртэлх хугацаанд 30 гаруй төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн байна. Үүнээс мөнгө өгсөн төслүүд ч байгаа, бодлогын хүрээнд батлагдсан төслүүд гэх мэт олон зүйлс байна. Хөдөө аж ахуйн яамны хувьд төрийн албан хаагчийг ямар нэгэн байдлаар нууж хаасан зүйл байхгүй.
Зээлийн хүртээмжийн асуудал бол харьцангуй ойлголт. Монгол улсад 300 мянга гаруй малчид, 1500 гаруй газар тариалангийн аж ахуй нэгж, 15 мянган хувиараа ногоо тарьдаг хүмүүс байдаг. Яамны зүгээс өнгөрсөн хавар хөнгөлөлттэй зээлийг олгох механизмыг хөрсөн дээр буулгах ёстой юм байна гэж ойлгосон.
Хавар хөнгөлөлттэй зээл олгосныхоо дараа тариалангийн бүс нутгаар ногоо тарьдаг хүмүүстэй уулзахад манай сумын банк зээл өгөхгүй байна гэсэн асуудал гарсан. Үүнийг ногоо тарьж буй бүхий л хүмүүст аль болох хүртээмжтэй байлгах, хөрсөн дээр буулгах үйл ажиллагааг хийнэ.
Сонсголуудыг харахад нэг л зүйлийг маш их анхаарах ёстой гэдгийг ойлгосон. Хөнгөлттэй зээл олгоход тэр нь хүрэх ёстой зүйлдээ хүрч байгаа юу гэдгийг хянадаг механизм л хэрэгтэй юм байна лээ. Тийм учраас 2026-2027 оны өвлийн нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэхдээ и-баримтыг тулгуурлаж байж мөнгийг нь олгоно.
Цаашлаад төсвийн тодотгол батлагдаад хөдөө аж ахуйн салбарт 150 орчим тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө бий болох нөхцөл бүрдвэл и-баримтаараа тулгуурлаж хянахгүй бол хэдэн жилийн дараа хэнээс, хэдэн төгрөгөөр ногоо авсан нь тодорхойгүй байж болохгүй.
Тийм учраас миний зүгээс болон яамны зүгээс барьж байгаа зарчим бол татвар төлөгчдийн мөнгөөр хөнгөлөлттэй зээл аваад өөрийнхөө бизнест тодорхой хэмжээгээр хэрэглэж л байгаа бол яг зорилтот зүйлээ хийж чадсан үгүйг хянах тогтолцоог нэвтрүүлэх нь дараа дараагийн сонсголоор нэгнийгээ хардах сэрдэлтээс хол байна гэж харж байна.
Нөгөө талдаа салбарын мэдээлэл нь ил тод байх ёстой. Жилээлбэл улаан буудай худалдаж авахдаа нэг аж ахуйн нэгжээс хэтэрхий ихийг худалдан авч, давуу байдал үүсгэж болохгүй. Үүнийг хувь хүн үзэмжээрээ тогтоох уу, эсвэл өөр нэг гаргалгаа байх уу гэдгээ бид тодорхой болгох хэрэгтэй.
-Хүнсний импортын хэмжээ олгосон зээлээсээ илүү өсөөд байна гэх мэдээлэл гарсан. Импорт дээр ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Энэ бол хүний хэрэгцээ. Монголын хүн ам өсч байна. Дотоодын үйлдвэрлэл ч тэр чинээгээ өсч байна. Тэгэхээр импорт ч нэмэгдэнэ. Таван жилийн өмнө бидний мэддэггүй байсан бараа бүтээгдэхүүнүүд нэмэгдээд орж ирсэн. Тэр болгон импорт ч гэлээ манай Монгол улсын хэрэглээ болчихсон байна.
Нөгөө талдаа хүнсний хувьсгалын хүрээнд 53 үйлдвэртэй мянга орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болж байна. Импорт, экспортын зөрүүг ойрхон болгохын төлөө үндэсний хөтөлбөрүүд гарч, ихээхэн хэмжээний мөнгө, зээлүүд олгож байгаа. Үүнд Хөдөө аж ахуйн яамны салбар тодорхой хэмжээнд ахиц дэвшил гаргаад явж байна.
Газар тариалангийн салбар жаахан асуудалтай юм байна лээ. Овоо гайгүй явж байсан компани нь цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад том жижиггүй хүнд байдалд ордог. Цаашдаа тогтвортой хөгжил гэдгийг газар тариалангийн салбартай уялдуулах ёстой. Энэ салбар экспорт хийдэггүй ганц салбар болчих гээд байна.
Буудайн нэр төрөл нэмэгдэж байгаа. Үүнийг улам нэмэгдүүлж гадагшаа гаргах тал дээр анхаарах хэрэгтэй. Тийм учраас Хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яамтай хамтран ажлын хэсэг гаргаж энэ арван нэгдүгээр сард төсөв батлагдах үед экспортын газар тариалан, мал аж ахуйтай болохын тулд ажиллана.
Мах, хатааж ариутгасан гүзээ, яс, арьс, нэхийгээр хийж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг гадагшаа гаргадаг болох хэрэгтэй. Жишээ нь бордоо үйлдвэрлэж байгаа мөртлөө л гадагшаа гаргаж чадахгүй байна шүү дээ. Энэ нь малын өвчинтэй холбоотой. Үүнтэй холбогдуулаад ОХУ ч хориод, БНХАУ ч хориглоод байгаа юм.
Сая ОХУ-д айлчилж дорнын эдийн засгийн форумд оролцохдоо Ерөнхийлөгч энэ асуудлын талаар ярьсан. Арван нэгдүгээр сард БНХАУ, БНСУ-д ногоон тэжээл авах талаар ярина. Энэ бүгдийг яагаад яриад байгаа вэ гэвэл цаашдаа Монгол улсын газар тариалан тэр дотроо буудай тариалж байгаа хүмүүс төрөөс дэмжлэг авдаггүй болох гол үндсэн шалтгаан нь гадагшаа экспортлох юм.
-Аж ахуйн нэгжүүд нийлээд хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан нь шинжээчдийн дүгнэлтээс тодорхой болсон. Цаашид ийм асуудал үүсэхгүй байхын тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Бүх зүйл ил тод байх хэрэгтэй. Ингэхийн тулд и-баримтад тулгуурлана. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэдэг нь илрээд хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байна гэдэг нь сайн зүйл. Дараагийн удаа ийм зүйл гарахгүй гэсэн үг.
-Сонсголоор цаашид яах вэ, өнгөрсөн алдаа юунд байсан гэдгийг хэлэлцэж байгаа гэсэн. Жишээ нь шинэ хоршоо хөдөлгөөнд ихэнхи зээл олгосон хүмүүс приус машин авчихсан байсан гэж өмнөх сайд ч ярьж байсан. Эдгээр зээл олголтын дэлгэрэнгүй баримт мэдээлэл сонсгол дээр яригдаж байгаа юу?
-Энэ хэн нэг малчин приус авсан байна гэж ярьдаг сонсгол биш. Тэр нь хулгайч, энэ хулгайч гэж ярьдаг зүйл биш. Энэ салбарт юу болж, юу болохгүй байгаа вэ гэдгийг гаргаж ирдэг. Сонсголоос гарсан үр дүнг УИХ-д танилцуулдаг.
Малчдын гар дээр анх удаа жилийн зургаан хувийн хүүтэй 800 гаруй тэрбум төгрөг очсон. Манай малчдад өмнө нь ийм боломж байгаагүй. Яагаад гэвэл өндөр хүүтэй зээл авдаг. Ахиухан дүнтэй зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө нь хүрдэггүй, хэрэглээний зээлэнд л эргэлддэг байсан.
Бид хоёр асуудлыг шийдэж өгч байгаа. Тэр их өндөр 20 гаруй хувийн хүүг зургаан хувь болгосон. Зээлийн барьцаа хүрдэггүй байсныг нь батлан даалтын сан хариуцдаг болгосон. Малчны зээл арилжааны банкнуудад хамгийн өндөр эргэн төлөлттэй байдаг. Мөн шинэ хоршоо хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх гарц бол нутагтаа эзэн суух хөтөлбөр юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна