Засгийн газар “Онтрэ”-гийн лицензийг цуцлах боломжоо юуны учир ашигласангүй вэ

Х.Батсайхан
1 цаг 55 минутын өмнө

“Рио Тинто” группын удирдлагууд  өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулах, менежментын төлбөрийг багасгах болон бусад асуудлаар Монгол Улсын Засгийн газартай тохирсон хэмээн мэдэгдэж, эхний үр дүнгээ зарласан билээ.

Тухайн үед манай редакц “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн хоёр лицензийн талбайд  Оюутолгой ордын нийт нөөцийн 30 орчим хувь байрлаж байгаа тул эхлээд “Онтрэ”-гийн асуудлыг шийдэхгүйгээр Оюутолгойн зээлийн хүү, менежментын төлбөр болон бусад асуудлыг шийдэх ямар ч боломжгүй, Засгийн газар тодорхой хүрээ хязгаар тохирч, буулт хийчихсэн юм биш биз гэж бичиж байлаа / https://zuv.mn/n/1gol / .

Учир нь, Монгол Улсын Засгийн газарт “Онтрэ” ХХК-ийн асуудлыг шийдэх хэд, хэдэн хувилбар байсан бөгөөд ямар хувилбараар орохоос шалтгаалж “Рио Тинто”-той хийх хэлэлцээрийн үр дүн гарах нөхцөл байдалтай байсан /энэ талаарх нийтлэлийг https://zuv.mn/n/1g8h /.   

Тодруулбал, Жавхлант, Шивээ толгой лицензүүдийг шууд цуцалж, төрийн мэдэлд аван, 2009 оны гэрээнээс тусдаа, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрээгээр явах боломж бүрдүүлбэл төслийн үр ашиг нэг өөр, 2009 оны гэрээний хүрээнд буюу Монголын тал АМНАТ-өөс өөр өгөөж хүртэж чадахгүй байгаа хувилбараар лицензээ шилжүүлбэл бас нэг өөр гарах бөгөөд “Рио Тинто”, Засгийн газар нэгэнтээ эхний үр дүнгээ зарласан учраас Засгийн газар буулт хийж, Монголд ашиггүй хувилбараар явчихсан байж магадгүй гэж хардсан хэрэг. 

Тэгвэл энэ таамаг үнэн, “Онтрэ”-гийн лиценз “Рио Тинто”-д шилжих үйл явц яг тэр үед эхэлсэн болохыг “Онтрэ” ХХК-ийн захирал Крис Адамсын мэдэгдэл баталж байна.

Тэрбээр мэдэгдэлдээ “Онтрэ” компанийн эзэмшдэг уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг “Оюу Толгой ХХК”-д шилжүүлэх үйл явц нэгэнт эхэлсэн, өнгөрсөн зургаадугаар сард тусгай зөвшөөрлүүдийн үнэлгээний тооцооллыг шинэчилж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл шилжүүлсний татварыг Монголын татварын байгууллагад төлсөн. Одоо тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгүүлэхээр ажиллаж байна гэжээ.

"Онтрэ"-гийн лицензийг хэрхэх шийдлийн тухайд, Г.Занданшатар Ерөнхий сайдын суудлаасаа буухын өмнө цуцлах чиглэл өгсөн байсан гэдэг мэдээлэл бий. Үр дагавар нь том ч хүртэх ашиг нь түүнээс ч том, Монголын талд хамгийн ашигтай хувилбар нь энэ байсан. Цуцлах үндэслэл бий. Энэ үндэслэл Оюутолгойн сонсголын үеэр яг "Лиценз цуцлах үндэслэл нь энэ шүү" гэж тодруулалгүйгээр танилцуулагдсан байдаг /Бид энэ талаар мэдээлэл өмнө нь мөн бэлтгэн хүргэж байв. https://zuv.mn/n/1g3y /. Гэтэл Засгийн газар боломжоо ашигласангүй. 

Ингэснээр, үндсэн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас бүхэл бүтэн 17 жилийн дараа босож ирсэн 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бүхий, өнөөгийн үнэ цэнээр хэдэн зуун тэрбум ам.доллараар /зөвхөн алт нь 110 тэрбум ам.доллар/ үнэлэгдэх баялаг агуулж буй  лицензиэс Монгол Улс ямар өгөөж хүртэх вэ, ямар тохироо хийж байна вэ гэдэг асуудал санаа зовоож эхэллээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.59
    45 минутын өмнө

    Манай төр засаг гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудаж гуйж гувшин ирүүлж, лиценз олгочихоод дараа нь цуцлах гэж дайраад байхаар чинь хаанахын ямар дурак орж ирэх вэ дээ?? Монголчуудаас айдаггүй айлгадагаараа оросууд л орж ирэх байх даа??

    Хариулах