Батлан хамгаалахын сайд Д. Батлут Япон Улсад ажлын айлчлал хийв

Т.Отгонсувд
43 минутын өмнө

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут 2026 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийв.

Сайд Д.Батлутыг Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро Өөрийгөө хамгаалах хүчний Хүндэт харуулын ёслолоор угтан авч, хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Уулзалтын үеэр сайд Д.Батлут Монгол, Японы харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж байгааг онцлов.

Тэрбээр 2024 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай хэлэлцээр” нь цэрэг-техникийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг тэмдэглэв. Мөн Япон Улсын Засгийн газрын “Аюулгүй байдлын албан ёсны тусламж”, Батлан хамгаалах яамны “Чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд инженер, цэргийн эмнэлэг, агаарын цэргийн чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

Түүнчлэн Японы Өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд тогтмол оролцож ирснийг өндрөөр үнэлэв.

Хоёр тал батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцээний төгсгөлд сайд Д.Батлут Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжирог Монгол Улсад айлчлахыг урив.

Айлчлалын хүрээнд сайд Д.Батлут Япон Улсын цэргийн сургуульд суралцаж буй Монгол Улсын цэргийн алба хаагчидтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Энэхүү айлчлал нь Монгол, Японы батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна