10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бүхий, өнөөгийн үнэ цэнээр хэдэн зуун тэрбум ам.доллараар /зөвхөн алт нь 110 тэрбум ам.доллар/ үнэлэгдэх баялаг агуулж буй Жавхлант, Шивээ толгой хэмээх хоёр линцензийг "Онтрэ" ХХК Рио Тинтод шилжүүлж, одоо АМГ-т бүртгүүлэх л дутуу байгаа гэсэн мэдээлэл анхаарал татаад байгаа билээ.
Уг нь Засгийн газарт энэ лицензийг цуцлах бүрэн боломж байсан ч энэ боломжоо ашиглаагүй болох нь "Онтрэ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын мэдэгдлээс тодорхой болсон. Ингэснээр өөр бусад хувилбарууд үлдсэн бөгөөд тэднээс лиценз цуцлахын дараа орох ашигтай хувилбар нь "Онтрэ"-тэй шууд шинэ ХОГ байгуулах явдал юм. Тиймээс уншигчдадаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон сонсголын үеэр шинжээч уг лицензийг 2009 оны ХОГ-нд хамаарахгүй гэдэг дүгнэлт танилцуулсан талаарх мэдээллийг хүргэж байна.
"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/-д "Онтрэ"-гийн эзэмшлийн Жавхлант, Шивээ толгой лицензи Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарах эсэх асуудал чухал байр суурь эзэлж байсан.
Тухайн үед шинжээч дараах баримтуудыг танилцуулж байв.
Засгийн газар 2008 оны арванхоёрдугаар сарын 5-нд 51 дүгээр тогтоол гаргаж, Оюутолгой, Тавантолгой ордыг ашиглах зорилгоор гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг даалгасан тогтоол гарсан.

Мөн сарын 11-ний өдөр Ерөнхий сайд 47 дугаар захирамж гаргаж Оюутолгой алт, зэсийн ордыг ашиглах зорилгоор хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ажлын хэсгийг томилжээ.
“Гэрээний төслийг 2009 оны нэгдүгээр сарын 9-нд танилцуул” гэсэн.
Энэ 46 хоног гэдгийг бид нар яагаад онцолж байна гэхээр, Төрийн байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль гэж бий. Энэ хуульд өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа нь 30 хоног байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд 30 хоног сунгадаг.

Тэгвэл тэрнээс богино хугацаанд Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийг хийх ба гэрээний төслийг боловсруулах үүрэг өгөгдсөн.
Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр 2008 оны арванхоёрдугаар сарын 18-нд ЭБЭХЯ-ны хурлын танхимд эхэлсэн. Нийт 66 хоног хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрт “Онтрэ” ХХК-ийн төлөөлөл оролцоогүй.

Үүнээс хойш ХОГ-тэй холбоотой олон үйл явц өрнөсний дараа Ерөнхий сайд 2009 оны долдугаар сарын 21-нд 73 захирамж гаргаж Ажлын хэсгийг өөрчилсөн.
Маргааш нь Засгийн газар хуралдсан.
Ингээд мөн гэрээ байгуулах асуудлаар үйл явц өрнөсний эцэст 2009 оны аравдугаар сарын 6-нд ХОГ байгуулсан. Гэвч түүний маргааш хэлэлцээр үргэлжилснийг шинжээч нотолсон.

Энэ нь хэлэлцээр дуусаагүй байхад Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байна. Тодруулбал, өчигдөр нь баталсан ХОГ-ний 15 зүйл заалтыг, Хувь нийлүүлэгчдийн гэрээний 6 заалтыг өөрчлөх асуудлыг хэлэлсэн.
Энэ нь яагаад дөнгөж гарын үсэг зурсан гэрээг хэлэлцэв. Өөрчилсөн бол нэмэлт өөрчлөлт шаардахгүй юу гэсэн асуултыг үүсгэж байна.
Засгийн газар 2008 оны арванхоёрдугаар сарын 5-нд 51 дүгээр тогтоол гаргахдаа УИХ-ын 40 дүгээр тогтоолыг мөрдөж ажилла гэдэг үүрэг өгөгдсөн. 40 дүгээр тогтоолд Оюутолгой төсөлд Монголын тал 34 хувь эзэмшихээр заасан.
Мөн ХОГ-нд талуудыг тодорхойлсон. Хөрөнгө оруулагч талаар Айвенхоу майнз компанийг тогтоож, эзэмшдэг лицензийг дурдсан байх бөгөөд гурван лицензийг л дурдсан байна.
ХОГ, ХНГ хоёр нь нэг, нэгнээсээ хамааралтай буюу тусдаа үйлчлэх боломжгүй. Эцэст нь, “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрлүүд Оюутолгойн ХОГ-нд хамаарахгүй гэсэн дүгнэлт танилцууллаа.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна