Г.Дамдинням: Энэ сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийсэн

Х.Батсайхан
1 цаг 47 минутын өмнө

Аж, үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Шатахууны шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, “Манай улс сардаа 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. Наймдугаар сард 54, есдүгээр сард 62 мянган тонныг оруулж ирсэн. Орж ирэх хэмжээ багассантай холбоотойгоор шок үргэлжилсэн байдалтай байна. 

Манай шатахууны 97 хувийг хангадаг ОХУ-ын нефть боловсруулах 34 үйлдвэрийн 24 нь нэгээс дээш удаа бөмбөгдөлтөд өртсөн. Бидний авдаг үйлдвэр сардаа 70 мянган тонныг өгдөг байсан бол одоо сард 54-55 мянгыг л өгч байна. Аравдугаар сард БНХАУ-аас авах бензиний хэмжээгээ нэмэгдүүлж 78 мянган тонн болгохоор гэрээ хийсэн. Тиймээс байдал сайжрах болов уу гэсэн хүлээлт байна. 

Улсын хэмжээнд шатахууны нөөцийн сав муу. Энэ жилдээ нөөцийн савны хүчин чадлыг 150 мянган тонноор нэмэгдүүлнэ. Ингэснээр энгийн хэрэглээний 45 хоногийн нөөцөө хадгалах боломж бүрдэнэ. 

Улаанбаатар хотын хэрэглээ өдөртөө мянга орчим тонн байсан бол 1700-1800 тонн болж нэмэгдсэнээс  шок нь арилахгүй байна. Ойрын хэд хоногоос намжина. Дэлхийн геополитикийн байдал тодорхойгүй байгаагаас дараагийн сард яахыг бид хэлж мэдэхгүй. 

Хятад, Сингапур, Беларус улс руу очиж ажиллана. Ний нуугүй хэлэхэд, хүссэний хэмжээгээр биш гэхэд бензинийг боломжит хэмжээгээр, 1000, 1000 тонн гэхгүй олж ирж байгаа” гэв.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна