НЭГ ДОРООС: Баавгай хүн барьж, АМЬ ХОХИРСОН асуудлын мөрөөр

Х.Есү
2 цаг 6 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бурхант хошуу гэх газар аравдугаар сарын 7-8 шилжих шөнө 01:04 цагт /өнгөрсөн шөнө/ баавгай  айлын гэр, хашаа хороо руу халдаж, эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай явдал гарлаа. Тус айлд хоёр хүн байсан бөгөөд 40  настай эрэгтэй амиа алдаж, 55 настай эмэгтэйн биеийн байдал хүнд эмнэлэгт байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан холбогдох албаныхан шуурхай баг гарган ажиллаж байна. Албаныхан ямар мэдээлэл өгөв, цаашид хэрхэх, ямар арга хэмжээг авах вэ. Ер нь баавгай суурьшлын бүсэд нэвтэрч, хүн, мал руу халдаад байх юм уу зэрэгт олон талын байр суурийг багцлан хүргэж байна. 

ГССҮТ: “2026.10.07-8-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал хүнд байна. Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хууларсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн.

Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авсан” гэв.

Салбар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Ууганбаяр: “Тухайн иргэн яаралтай түргэн тусламжаар ирсэн. Ирэх үедээ хазауулсан том шархтай, цус алдсан, шокын байдалтай байсан. Бид салбар эмнэлэг дээр хүнээ хүлээж аваад шокоос гаргах эмчилгээ болон шарх цэгцлэх ажилбар хийсэн. Үүний дараагаар толгойг шалгахад толгой бяцарсан, хугаралтай байсан. Эрчимт эмчилгээний тасаг хэвтүүлэн өвчтөнийхөө биеийн байдлыг тогтворжуулсан байгаа. Өнөөдөр толгойн мэс заслын хагалгаа орох шаардлагатай учраас төв гэмтлийн тасаг руу шилжүүлсэн” гэлээ.


Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: "Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Улиастайн Бурхантын ам гэх газар баавгай айлын гэр рүү дайраад байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 

Цагдаагийн байгууллагын харьяа нэгжээс шуурхай тухайн газарт очиж ажилласан. Шалгалтын явцад 55 настай эмэгтэй нүүрэн хэсэгтээ баавгайд самардуулсан байдалтай, мөн 40 настай эрэгтэй нас барсан байдалтай байсан. 

Эмэгтэйн хувьд баавгайд самардуулаад гэрээс гараад зугтаасан тулдаа амьд үлдсэн гэх мэдээллийг өгч байна. Одоогоор эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авсан. Нас барсан эрэгтэйн цогцсыг  гэрээс нь холгүй зайнаас олсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Энэ оны байдлаар баавгайтай холбоотой байгаль орчны газарт нийт 597 тохиолдол бүртгэгдсэн. Айлын гэр рүү халдсан баавгайг холбогдох албаныхантай хамтран эрэн хайж байгаа. Баавгай дайрсан тохиолдолд хэн ямар хариуцлага хүлээх нь хуульд тусгагдаагүй. Тиймээс бид өөрсдөө аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна. 

Нийслэлийн байгаль орчны газар, Байгаль орчны яам энэ асуудал дээр анхаарал хандуулах ёстой" гэв.


Нийслэлийн Онцгой байдлын газрын Эрсдэлийн удирдагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ: Баавгай хүний амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарсан эмгэнэл илэрхийлье. Өнөөдрийн байдлаар баавгай үргээх шилжүүлэх ажилд 85 алба хаагч 14 техник хэрэгсэл 18 дуудлагаар очиж ажилласан.

Нийслэлийн байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр: Дуудлага мэдээллийн дагуу газар дээр нь очиход тухайн иргэн амь хохирсон байсан. Харин гэмтсэн иргэн дараагийн айлдаа очиж дуудлага өгсөн байсан.

2026 онд Улаанбаатарт хотод баавгай харсан гэх 28 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 24 дуудлага нь бодит дуудлага байсан. Байгаль орчны яамнаас баавгайг аюулгүй болгох зөвшөөрөл олгосон. Гэхдээ эвш, бамбаруушийг агнаж болохгүй. Үүнийг цагдаагийн байгууллагын хяналтан дор хийнэ. Баавгайг хайж байгаа алба хаагчдад дулаан мэдрэгч дрон гэх мэт шаардлагатай техникээр хангана.

БОУАӨ-ийн яамны газрын дарга Т.Балжинням: “Байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр зэрлэг ан амьтан суурьшлын бүсэд нэвтэрч, хүний амь насанд халдсанд гүнээ харамсаж байна. 2026 он гарсаар 11 аймаг, нийслэлд 754 тохиолдол баавгай үзэгдсэн дуудлага мэдээлэл ирсэн. Баавгайн 80-иад хувьд нь бамбаруушаа дагуулж, суурьшлын бүс рүү нэвтэрч байгааг тогтоосон. Баавгай хашаа хороо буулгасан 80 гаруй, мал идсэн 30 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Мөн баавгай нэг дайрсан айл руугаа эргэж очих тохиолдол цөөнгүй байна. Одоогоор суурьшлын бүс рүү ойртсон 6 баавгайг агнасан. Манай улс 1986 онд баавгайн тоолж байсан. Одоо тоолох ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Буу, эм унтуулгын бодисыг хэрхэн ашиглах талаар төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаад, үүрэгжүүлээд явна. Засгийн газрын тогтоолоор 1.8 тэрбум төгрөгийг баавгайн эсрэг арга хэмжээ авахад зарцуулахаар болсон. Үүнийг булчин сулруулах унтуулгатай буу, барих тор, орон нутаг дахь тусгай хамгаалалттай газруудын тээврийн хэрэгслийн шатахуунд зарцуулна. Баавгай давтамжтай орж ирсэн газруудад анхааруулга, зөвлөмж хүргүүлсэн. Баавгай агнах зөвшөөрлийг найман аймагт өгсний дагуу зургаан баавгайг агнаад байна.  

Баавгай ямар шалтгаанаар суурьшлын бүс рүү ойртож байгааг судалж байна. Хэнтий аймагт буудуулсан баавгайг задлан шинжлэхэд ходоодонд нь хоол гэхээр зүйл байгаагүй. Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн орж ирж байгаа гэж таамаглаж байна. Тиймээс хууль бусаар самар түүх, мод бэлтгэлийн ажлыг таслан зогсоох, жимс түүхээр уул руу орохыг хориглож байна” гэлээ.  

НЭМГ-ын дарга Н.Наранбаатар:  “Баавгайд самардуулсан эмэгтэйн биеийн байдалд хүнд байгаа. Гэхдээ амин үзүүлэлтүүд тогтворжиж, ухаан орсон. Цаг тухай бүрт мэдээлэл өгөөд явна” гэлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна