Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сүүлийн үед Ерөнхийлөгчийн нууц хөрөнгүүд гэсэн худал мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлж байгаа учраас тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Өчигдөр та бүхэн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг харсан байх. Энэ бол хувь хүний асуудал биш. Редакцын асуудал ч биш. Мэргэжлийн ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндийг унагадаг, хорт хавдар гэж хэлж болохоор, микрофон барьж байгаад шантааж хийдэг энэ үйлдэл нэг өдрийн дотор, нэг сарын дотор бий болоогүй. Удаан хугацааны турш үргэлжилсэн. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас эвлэрэхгүй гэдгээ илэрхийлж, Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан.
Ерөнхийлөгчийн Бага тэнгэрийн аман дахь хаус хороолол гэсэн зураг бүхий мэдээлэл бол үндэслэлгүй мэдээлэл. Тэр бол өөр хувь хүний хөрөнгө. Хэнийх гэдгийг нь зарлаж болохгүй. Хувь хүний нууц, халдашгүй байдлыг зөрчсөн болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Илт хан" амралтын газрын 58 хувийг эзэмшдгээ 2017 онд хөрөнгө орлогодоо мэдүүлж байсан. Тэнд 10 гаруй гэр, байшинтай амралтын газар байдаг.
Төрийн ордны хойно барьж байгаа "Андууд тауэр" Ерөнхийлөгчийнх гэдэг нь бас худлаа. Ерөнхийлөгчтэй холбоогүй. Өнгөрсөн жил бас энэ мэдээлэл гараад хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн зөвийг нь тогтоолгож байсан. Тухайн үед ийм худлаа мэдээлэл тараасан, тараалгасан хүмүүс нь тогтоогдсон. "Херо" энтертайментын захирал Б.Баатар төлбөртэй захиалга өгч худал мэдээлэл тараалгасан нь тогтоогдож байсан юм. Энэ хэргийг дөрвөн хүн үйлдсэн, гүйцэтгэсэн, нийтэлсэн хүн орон байртай болсон асуудал байдаг.
Ерөнхийлөгчтэй хамт бэлтгэл хийдэг Нямдаваа гэдэг иргэний тансаг зэрэглэлийн машинуудыг Ерөнхийлөгчийнх, мөнгөө угаадаг арга хэрэгсэл мэтээр мэдээлсэн. Өнгөрсөн хавар энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад энэ мэдээг зориуд төлбөртэйгөөр цацсан этгээд нь БНХАУ руу оргон зайлсан гэдгийг тогтоосон. Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан, "Сэлбэ дэд төв"-ийн ТУЗ-ийн гишүүн байсан Г.Золзаяа Ерөнхийлөгчийн эсрэг худал, төлбөртэй мэдээлэл тараагаад БНХАУ руу оргон зайлсан. Одоо Хятадад орогнож байгаа. " гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна