Цахим худалдаа өргөжихийн хэрээр онлайн худалдан авалт, төлбөр тооцоотой холбоотой залилангийн эрсдэл нэмэгдэж байна. Ялангуяа хэт хямд үнэ санал болгох, яаралтай төлбөр шаардах, хуурамч холбоос илгээх зэргээр иргэдийн итгэлийг урвуулан ашиглах тохиолдол гардаг. Иймд цахим орчинд худалдан авалт хийх, мөнгө шилжүүлэхдээ болгоомжтой хандаж, санхүүгийн мэдээллээ хамгаалаарай.
1. Хэт хямд үнэ санал болгож, төлбөрөө яаралтай шилжүүлэхийг шаардах
“Хямдрал дуусах гэж байна”, “Цөөхөн үлдсэн”, “Одоо урьдчилгаагаа шилжүүлбэл барааг тань хадгалж өгнө” гэх мэтээр яаруулж байна уу? Түр азнаж, худалдагч болон цахим хуудасны мэдээллийг нягталж, барааны үнэ, хүргэлтийн нөхцөлийг шалгаарай. Мөн урьдчилгаа төлбөр шилжүүлэхдээ ихэд болгоомжлоорой.
2. Байгууллагын нэр, лого ашигласан хуурамч урамшууллаас болгоомжлох
Аливаа байгууллага, банкны нэр барьсан “урамшуулал”, “сугалаа” гэсэн зар, мессеж ирсэн бол шууд итгэж болохгүй. Залилагчид аль нэг байгууллага, банкны нэр, лого, таних тэмдгийг ашиглан хуурамч холбоос дээр даруулж, нэвтрэх мэдээллийг тань авахыг оролддог. Мессэжээр ирсэн холбоосоор нэвтрэхийн оронд банкны албан ёсны аппликэйшнээр хандаарай.
3. Нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад өгөхгүй байх
Худалдагч, хүргэлтийн ажилтан эсвэл банкны ажилтан гэх хүн таны утсанд ирсэн нэг удаагийн баталгаажуулах код буюу 6 оронтой OTP кодыг асуувал огт өгч болохгүй. Энэ кодоор таны гүйлгээ, үйлдлийг баталгаажуулдаг тул бусдад дамжуулж ч болохгүй. Банкны ажилтан болон бусад хүн таны OTP кодыг асуусан ч бүү хэлээрэй. Кодоо бусдад өгснөөр өөрийн зөвшөөрөөгүй гүйлгээг баталгаажуулах эрсдэлтэй.
4. Мөнгө хүлээн авахын тулд хувийн мэдээллээ оруулахгүй байх
Онлайн худалдаа эрхэлдэг хүмүүст “Төлбөрөө хийсэн, мөнгөө авахын тулд энэ холбоосоор орно уу” гэсэн мессэж ирсэн бол болгоомжлоорой. Залилан үйлдэгчид хуурамч холбоос ашиглан картын мэдээлэл, CVV код авахыг оролддог. Картын PIN, CVV/CVC болон OTP кодыг хэнд ч өгч болохгүй. Дансандаа мөнгө орсон эсэхийг банкны албан ёсны аппликэйшнээр шалгаж, зөвхөн гүйлгээний бодит төлөвт үндэслэн бараагаа хүлээлгэн өгөөрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна