Амиа алдсан хоёр сурагчийн хэрэгт холбогдсон багш хүчингийн хэрэгт яллагдагчаар татагдсан байжээ

Т.Отгонсувд
2 цаг 15 минутын өмнө

Төв аймгийн Борнуур суманд энэ сарын 20-ны шөнө 00:51 цагт автомашин онхолдож, зорчиж явсан хоёр сурагч газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, уг автомашинд хоёр сурагч болон 19 настай эмэгтэй зорчиж явсан байна. 

Хэрэг явдлыг тодруулбал, тухайн сургуульд газар зүйн багшаар ажиллаж байсан 29 настай Л гэх иргэн болон 19 настай эмэгтэй, ЕБС-ийн хоёр сурагч гээд нийт дөрвүүлээ багшийн гэрт согтууруулах ундаа хэрэглэжээ. 

Улмаар 19 настай эмэгтэй Л-ийн машиныг унаж, хоёр сурагчтай хамт явсан байна. Удалгүй Toyota Prius маркийн автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдож, ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан хармасалтай үйл явдал болжээ. 

Тус автомашиныг жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн 19 настай эмэгтэй жолоодож явсан байна. 

Ослын дараа цагдаагийн алба хаагчид автомашины эзэмшигчийг тогтоон Л-ийн гэрт очиход тэрбээр өөрийгөө боомилж, амиа хорлосон байдалтай олджээ.

Тухайн охидод согтууруулах ундаа өгсөн Л нь энэ оны наймдугаар сард 13 настай охиныг хүчиндсэн хэрэгт холбогдож, ажлаасаа чөлөөлөгдсөн байжээ. Түүний эл хэрэгт холбогдох яллах дүгнэлтийг нас барахын өмнөх өдөр нь прокуророос мэдэгдсэн байсан тухай мэдээллийг эх сурвалж мэдээллээ. 

Мөн автомашиныг жолоодож, хоёр сурагчийг дотуур байрнаас нь дуудсан 19 настай эмэгтэй нас барсан багш Л-ийн ангийг төгссөн байжээ. Түүний биеийн байдал хүнд эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. 

Тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. 

Боловсролын байгууллагын орчноос сурагчид нь амралтын цагаар гарч, амиа алдсан харамсалтай эл хэргийн талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироос тодрууллаа. 

Тэрбээр "Уг харамсалтай хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Тухайн хэрэгт холбогдсон багш нь өмнө нь гэмт хэрэгт холбогдоод ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Боловсролын байгууллага болон Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг гарсан ажиллаж байна. 

Дотуур байрнаас  сурагчид хэдэн цагт гарсан, тухайн багш нь яагаад таслан сэргийлэх арга хэмжээ авахуулаагүй байсан зэрэг асуудлыг илүү нарийвчлан шалгаж байгаа. Бүртгэлийн мэдээлэл болон нарийн мэдээллийг бид авсан. Гэхдээ хуулийн байгууллагын зөвшөөрөлгүй хэлэх боломжгүй байна. 

Бид ажлын хэсгийн дүгнэлт, хэргийн шалгалт дууссаны дараа цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр ажиллана" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна