Ардчилсан намаас Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд хүргэх ёстой талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: "УИХ дахь АН-ын бүлэг ирэх оны төсвийн төсөл дээр гурван үндсэн байр суурийг баримталж байгаа. Одоогийн байдлаар төсвийн алдагдлыг 1.7 их наяд төгрөг гэж тооцсон байснаа нэмэгдүүлж, 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай болгон оруулж ирж байна. АН-ын бүлэг төсвийг алдагдалгүй батлах, ядаж төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх шаардлага тавьж байна.
Төсөв нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлдээ нийцэх ёстой атал түүнээс давсан долоон их наяд төгрөгийн зардал тусгагдсан байна. Төсвийн зардлаа дагуулан хүрээний мэдэгдлээ байнга өөрчилдөг гаж тогтолцоог АН эсэргүүцэж байгаа.
Оюутолгойн ногдол ашиг гэгдэх гурван их наяд төгрөг нь яг ногдол ашиг мөн эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв ногдол ашиг мөн бол 66 хувийг эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулагч тал нь зургаан их наяд төгрөг авах уу гэдэг асуудал үүснэ. Алаагүй баавгайн арьсыг хуваахын өмнө санхүүгийн бодит байдлыг тодруулах шаардлагатай. Хэрвээ энэ мөнгө орж ирэх аваас одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндэсний баялгийн сангийн хуулиараа тус сандаа төвлөрөх ёстой.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: "Монгол Улсын өнөөдрийн төсөв бол хэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн тэсрэх бөмбөг шиг болчихсон байна. Хамгийн харамсалтай нь үүнд Монголын ард түмэн өртөж байна. Иргэдийн 60-70 хувь нь олох орлогоороо амьдрах боломжгүй боллоо. Зөвхөн сүүлийн долоо хоногт л манжин, луувангийн үнэ 15-20 хувиар өссөн байна.
Үнийн өсөлтийн дарамтад байгаа Монголчуудын төлөө Монгол Улсын Засгийн газар, их хурал юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг ирсэн байна. Өлсөж байна. Даарч байна.
Гишүүд ордонд 25.000 төгрөгөөр хоол иддэг. Харин цэцэрлэгийн хүүхдийн хоолны өдрийн зардал 3000 төгрөг байна. Ийм үед ард иргэд, залуус, оюутнууд, ахмадуудаа мөнгөжүүлэхгүй бол цаашид амьдрахад бэрх боллоо. Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд олгох, Оюутолгойн төрийн эзэмшлийн хувьцааг иргэдэд шууд шилжүүлэн өгөх гэсэн хоёр асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан. Гэвч уг санал асуулгыг УИХ-ын “D-Parliament” цахим системд байршуулахад гаднаас хакердаж, хоёр секунд тутамд бот хандалт хийн иргэдийг санал өгөх боломжгүй болгож алдаа заалгаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна